“Сайн ломбард”-ын ажилтнуудыг хутга тулган сүрдүүлж, нэг сая гаруй төгрөг дээрэмджээ

“Сайн ломбард”-ын ажилтнуудыг хутга тулган сүрдүүлж, нэг сая гаруй төгрөг дээрэмджээ

Өчигдөр /2020.12.17/ орой Баянгол дүүргийн 11-р хороонд байрлах “Сайн” ломбардыг хоёр этгээд дээрэмдэж, зугтсан хэрэг гарчээ.

Тодруулбал, тус ломбардны гурван ажилтан ажлаа хийж байх үед гаднаас дунд орчим насны хоёр эрэгтэй орж ирэн, ажилчдад хутга тулган сүрдүүлжээ. Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар тус ажилчдын гарыг ард нь хүлэн, айлган сүрдүүлж байгаад хэмжээ нь тодорхойгүй үнэт эдлэлүүд болон нэг сая 30 мянган төгрөг дээрэмдсэн байна.

Энэ талаар ЦЕГ-аас мэдээлэхдээ “Дээрэм хийсэн этгээдүүд 25-35 насны залуус байсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэжээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд байрлах Цахлайн тойргийн "Сайн ломбард"-ыг мөн баг өмссөн хоёр этгээд дээрэмдэж 10 гаруй сая төгрөг болон их хэмжээний үнэт эдлэлийг авч зугтаасан хэрэг гарч байсан юм.