Өчигдөр /2020.12.17/ Франкфурт-Улаанбаатар чиглэлд МИАТ компани нислэг үйлдэж 160 иргэнийг эх оронд нь авч ирсэн гэх албаны мэдээлэл гарсан. Учир нь тус нислэг өнгөрсөн арван нэгдүгээр сарын 19-ны өдөр явах байсан ч улс орон даяар тогтоосон хөл хорионы улмаас тодорхойгүй хугацаагаар цуцлагдсан юм.
Тэгвэл Германы Франкфуртын нисэх буудал дээр эх орондоо ирэхээр Европын өөр хотоос ирсэн 30 орчим насны эмэгтэйг манай зарим албан хаагчид “коронавирусийн халдвартай байна. Авч явахгүй” хэмээгээд хүний нутагт, Франкфуртын нисэх буудал дээр үлдээгээд ирсэн тохиолдол гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус эмэгтэй нь Чех улсаас Франкфуртад ирж эх орон луугаа нисэх гэж байсан ч “халдвартай” гэж үзсэний улмаас нисэх онгоцны буудал дээр орхигджээ.
Харин одоо Чех улс руу буцаж байгаа гэдгийг эх сурвалж бидэнд мэдээллээ. Өнөөдөр өглөөний ЭМЯ-ны мэдээллийн үеэр ГХЯ-ны Консулын ерөнхий газрын дарга Л.Мөнхтүшиг энэ талаар мэдээлэл өгөхдөө “40 настай монгол хүний халдварын шинжилгээний хариу эерэг гарсан. Бид онгоцонд сууж буй хүмүүсийг эрсдэлд оруулахгүй байхын тулд буцаасан. Тус иргэн Чехээс ирсэн. Тухайн иргэнийг германд тусгаарлалтын байранд байлгаж байгаа бөгөөд иргэдэд туслах сангаас тэтгэмж олгоно. Мөн тийз нь баталгаажаагүй иргэн өөр улсаас ирсэн хэрэг гарсан. Нэгэнт тийзгүй тул авч ирэх боломжгүй Германд тусгаарласан” хэмээн мэдэгдсэн юм.