Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад холбогдох хэргийг Улсын Дээд шүүх хэлэлцэхээ түр хойшлуулжээ

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад холбогдох хэргийг Улсын Дээд шүүх хэлэлцэхээ түр хойшлуулжээ

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал есдүгээр сард болж түүнд анхан шатны шүүхээс оноосон 6 жилийн хорих ялыг хэвээр үлдээсэн.

Учир нь түүнийг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон юм.

Гэтэл түүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байхад нь саатуулж, улмаар ялалт байгуулсаны дараа нь түүнд хорих ял оноосон юм.

Тэгвэл Олон Улсын парламентын холбоо /ОУПХ/-ноос УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг  хууль зөрчиж, хорьсон асуудлаар манай улсад хэрэг үүсгээд байгаа гэх мэдээлэл байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Энхболд мэдээлэл хийж “УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо УИХ-ын сонгуульд нэр нь дэвшээд, сонгогдсон Ж.Эрдэнэбатын хүний эрх нь зөрчигдөж байна гэж үзэж байгаа.

ОУПХ парламентчдын эрх нь зөрчигдөж байгаа эсэхийг шалгаж, зөрчигдсөн бол хууль зөрчсөн эсэхийг шалгаж, хянадаг дүрэм, журамтай. Түүний дагуу санал явуулсан. ОУПХ-оос гурван үндэслэлээр эрх нь зөрчигдсөн гэж үзэж, хэрэг нээгээд шалгаж байна" гэж мэдэгдсэн. Харин энэ сард Ж.Эрдэнэбатад холбогдох хэргийг Улсын Дээд шүүхээс хэлэлцэх төлөвтэй байсан ч, ирэх оны нэгдүгээр сарыг хүртэл хойшлуулсан гэх мэдээлэл байна.