Боксын спортын ОУХМ, Рио 2016 зуны олимпын наадмын 5-р байрын шагналт Э.Цэндбаатар байж болзошгүй иргэн өнгөрөгч долоо хоног /2020.12.10/-т “Олимпын гүүр”-ний урд авто замын хэсэгт нүцгэн, ямар нэг хувцасгүй явж, чанга дуугаар гудамж талбайд орилсон үйлдэл гарсан нь олны анхааралд өртсөн.
-Э.ЦЭНДБААТАРААС АВСАН ШИНЖИЛГЭЭНИЙ “ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ” ГАРААГҮЙ БАЙНА-
Тэгвэл өнөөдөр /2020.12.14/ Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын албаны эх сурвалж “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Э.Цэндбаатарыг нүцгэн явж байхад нь Цагдаагийн алба хаагчид саатуулж, мэдүүлэг авч, ар гэрийнхэнд хүлээлгэн өгсөн. Саатуулах үедээ Э.Цэндбаатараас мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын түргэвчилсэн шинжилгээ авсан нь үнэн. Хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн гэх шинжээчийн дүгнэлт гараагүй байна” гэж мэдэгджээ.
Мөн өнгөрөгч амралтын өдрүүдэд гарсан “Э.Цэндбаатар, Н.Төгсцогт нарыг мансууруулах бодис хэрэглэсэн үед нь цагдаагийн алба хаагчид саатуулж, ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх газраас үргэлжлүүлэн шалгаж байна” гэх мэдээллийг ЦЕГ-ын дээрх албан эх сурвалж үгүйсгэсэн байна.
Тэрээр “МУГТ Н.Төгсцогтыг баривчлан саатуулах нь бүү хэл дуудаж мэдүүлэг ч аваагүй” гэжээ.
Сонирхуулахад, Боксын спортын ОУХМ Э.Цэндбаатар “энэ оны аравдугаар сарын 23-ны өдөр Эрдэнэт хотод болсон тэмцээнд оролцох үеэрээ “Golden Gem” боксын клубын дасгалжуулагч багш С.Эрдэнэбатад зодуулж, хүнд гэмтэл авсан гэх мэдээлэл гарч байсан билээ. Тэгвэл тус асуудлыг зарим эх сурвалжууд “түүнийг тэмцээний дундуур согтууруулах ундаа уулаа гэж ганц хоёр цохисны улмаас оёдол тавиулсан гэж сонссон. Ямар нэгэн байдлаар олон хүмүүст зодуулсан зүйл байхгүй” гэж мэдээлжээ.