ХЭРГИЙН ГАЗАР: Гэмт хэрэгтэн Г “Би утсаа хаясан, хохирогч М-г танихгүй” гээд 7 жил ор сураггүй алга болжээ

ХЭРГИЙН ГАЗАР: Гэмт хэрэгтэн Г “Би утсаа хаясан, хохирогч М-г танихгүй” гээд 7 жил ор сураггүй алга болжээ

Одоогоос долоон жилийн өмнө буюу 2013 оны аравдугаар сарын 31-ний өдөр гэрээсээ гараад сураггүй алга болсон М гэх эмэгтэйн цогцос 2020 онд Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны … дугаар тоот хашаанаас олдсон гэж Эрүүгийн цагдаагийн албанаас мэдээлсэн.

Тодруулбал, 1968 онд төрсөн “Г” гэгч нь хохирогч “М”-тэй тухайн үед танилцаж, улмаар гэртээ дагуулан очиж, согтууруулах ундааны зүйл хэрэглэн амь насыг нь хохироогоод, цогцсыг хашаандаа байрлах гүний худагт хийж булсан байсныг Эрүүгийн цагдаагийн албанаас энэ оны наймдугаар сард илрүүлсэн байдаг. Ингээд энэ сарын 08-ны өдөр буюу өнгөрөгч Мягмар гарагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Г-д чанга дэглэмтэй хорих ангид, 15 жилийн хорих ял оноосон юм. Иймд www.isee.mn сайт иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэх зорилгоор, тус хэргийн талаар гарсан олон мэдээлэлд анализ хийж, нэгтгэн энэхүү мэдээг бэлтгэлээ. 

-ГЭМТ ХЭРЭГТЭН Г “НАРАНТУУЛ ДЭЭР ЯВЖ БАЙГААД УТСАА ХАЯСАН. М-Г ТАНИХГҮЙ” ГЭЖЭЭ-

Тус хэрэг гардаг өдөр /2013.10.31/-ийн 22 цаг өнгөрөгч байхад хохирогч М мобикомын танихгүй дугаараас охин руугаа залгаж “ээж нь найзындаа байна. Оройтчихлоо. Энд хоночхоод маргааш өглөө 07 цагт Баянзүрх дүүргийн эмнэлэг дээр уулзъя” гэжээ. Ингээд тэрээр маргааш нь эмнэлэг дээр ирээгүй байна. Иймд хохирогчийн ар гэрийнхэн М-ын сүүлд ярьсан мобикомын дугаар руу залгахад эхэндээ дуудаж байснаа, дараа холбогдох боломжгүй болжээ. 

Ингээд цагдаагийн алба хаагчид тус дугаарын эзнийг олж тогтооход гэмт хэрэгтэн Г байсан байна. Иймд түүнтэй хохирогч М-ын ар гэрийнхэн уулзахад Г нь “Би Нарантуул зах дээр явж байгаад утсаа хаясан, би танай дүүг танихгүй, мэдэхгүй” гэжээ. Улмаар дараа нь тэрээр, ор сураггүй алга болсон байна. Энэ үед сэжигтэн Г нь хэрэг үйлдэж, М-ын цогцосыг нуусан өөрийн бүртгэл дээрх хашаагаа зарж, эцэг эхийнхээ өгсөн нэрийг хүртэл Ж болгон өөрчилсөн гэх албан бус мэдээлэл байгаа юм. 

-ГЭМТ ХЭРЭГТЭН Г “БИ АЙГААД ЗУГТЧИХСАН” ГЭЖЭЭ-

Тус хэргийн талаар гэмт хэрэгтэн Г нь хуулийн байгууллагад мэдүүлэхдээ “Б /түүний найз/, М /хохирогч/ бид гурав хамт сууж байгаад такси бариад явсан. Манай найз Б замд бууж, гэртээ харихаар үлдсэн. Бид хоёр манай гэрт ирсэн. М ширээн дээр байсан гар утсаар охинтойгоо ярьсан” гэх утгатай зүйл мэдүүлжээ. Мөн тэрээр М-ын амь насыг хохироосныхоо дараа хашаанд байсан гүний худаг руу түүний цогцсыг хийж, дээрээс нь хог, элсээр дүүргэсэн. Ингээд хэд хоногийн дараа хэсгийн цагдаагаас дуудаж “Таны утаснаас М гэдэг хүн ярьсан байна. Та М-ыг таних уу гэхээр нь танихгүй гэсэн. Дараа нь Баянзүрхийн цагдаа уулзаад, надтай утсаар ярьсан хүмүүсийг дуудчихсан байсан. Намайг маргааш ирээрэй гэхээр нь би айгаад зугтчихсан … гэм буруугаа хүлээж байна” гэсэн утгатай зүйл мэдүүлжээ.  

Гэмт хэрэгтэн Г-ын хашаа.

- ГЭМТ ХЭРЭГТЭН Г УТСАА САЛГААД ОР СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН-

Харин тус хэргийн талаар хохирогч М-ын охин Э.Мөнхгэрэл хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Аав минь ээжийг алга болохоос хоёр жилийн өмнө цус харваад өөд болсон. Ээж, дүү, бид гурав хамт амьдардаг байлаа. Тухайн өдөр ээж гэрээсээ 14:00 цагийн үед төрсөн эгчээсээ “Мөнгө аваад ирье” гээд гарсан. Ингээд тухайн өдрийнхөө 23:00 цагийн үед танихгүй дугаараас залгаад “Ээж нь багын найзтайгаа таараад, гэрт нь ирчихсэн байна.

Өнөөдөр очиж чадахгүй. Маргааш өглөө эрт яваад очно. Дүүтэй нь 07:00 цагт эмнэлэгт уулзъя гэсэн. Өглөө дүү минь эмнэлэгт очиход ээж ирээгүй. 

Ингээд цагдаад мэдэгдсэн. Өнөөх утасны дугаарын эзнийг буюу гэмт хэрэгтэн Г-г цагдаа нар дуудаж авчирсан. Тэр хүн ирээд “Би аравдугаар сарын 31-ний 20:00 цагийн үед утсаа алга болгосон. Ээж чинь миний утсыг олоод л та нартай ярьжээ” гэсэн. Тухайн үед тэр хүнийг тухайн үед сэжигтнээр татаагүй. Тэгээд гурав хоногийн дараа гар утасны дугаарын шүүлт гарсны дараа байцаагч нь “Ээж чинь та хоёртой ярьсны дараа Г энэ дугаараараа төрсөн эгчтэйгээ ярьсан байна. Тэгэхээр хэргийн сэжүүр илэрлээ гэсэн үг. Би одоо Г рүү дугаарын шүүлтийн хариу гарсан гэхгүйгээр “Хэлтэст хүрээд ир” гээд дуудлаа. Ирэхээр нь баривчилна” гэж хэлсэн. Гэтэл нөгөөдөх нь тэр өдрөөс хойш утсаа салгаад ор сураггүй болчихсон. Тэгээд долоон жилийн дараа олдлоо” хэмээжээ. 

-ГАЗРЫГ НЬ ХУДАГ БАЙСАН ГЭЖ МЭДЭГДЭХЭЭРГҮЙ ТЭГШИЛСЭН БАЙСАН-

Харин зарим эх сурвалжууд гэмт хэрэгтэн Г нь нэрээ сольж, хашаагаа зарсан юм байхгүй гэж мэдээлж буй юм. Тодруулбал, Г-ын гэмт хэрэг үйлдсэн хашааг сүүлийн 6-7 жилийн хугацаанд айлууд ээлжлэн түрээсэлж амьдарч байгаа аж. Харин түрээслэгчдийн олонх нь хашааны жинхэнэ эзэн хэн болохыг мэддэггүй. Тэд хашааныхаа эзэнтэй уулзаж байгаагүй бөгөөд зөвхөн утсаар ярьж, “Хаан” банкны 50.....дугаарын иргэн Ц-ийн дансанд түрээсийнхээ мөнгийг хийдэг байсан гэх мэдээлэл байгаа юм. 

Учир нь Г өөрийнхөө хашааг төрсөн дүүдээ долоон жилийн өмнө өгчээ. Харин дүүгийнх нь тэнд амьдардаггүй байна. 

Харин тус хашааг хамгийн сүүлд түрээсэлж амьдарч байсан айлын эзэн хэвлэлд өгсөн тайлбартаа “Манайх тэр хашаанд нэг жил амьдарсан. Нэг л өглөө цагдаа нар 07:00 цаг болж байхад бөөнөөрөө ороод ирсэн. “Танай хашаанд нэгжлэг хийх хэрэгтэй байна. Та нар гэртээ байцгааж бай” гэж хэлсэн. Тэгээд байшингийн урд талд нэг нүх ухаад л байсан. 2-3 метр хэрээтэй газар ухаж байсан цогцос гаргаж авсан гэсэн. Бид анхандаа цогцос байгаа гэдгийг ч мэдээгүй юм. Гэтэл цагдаа нар явахдаа “Энэ газраас цогцос олдлоо. Таниас удахгүй байцаалт авна” гэж хэлсэн. Би хэргийн дараа нэг удаа очиж байцаалт өгсөн. Тэгээд манайх тэр хашаанаас бушуухан нүүсэн. Худаг нь байшингийн урд, нүхэн жорлонгийн хойд талд буюу тэр хоёрын голд байдаг байсан юм билээ. Тэр газрыг худаг байсан гэж мэдэгдэхээргүй болтол нь шороо хийгээд тэгшилсэн байсан” гэжээ. 




Өнөөдөр үхэр өдөр

4 цагийн өмнө