“Үүнийг уух уу” гэж асуухад тэд метилийн спирт гэж мэдэлгүй ууцгаажээ

“Үүнийг уух уу” гэж асуухад тэд метилийн спирт гэж мэдэлгүй ууцгаажээ

Төв аймгийн Заамар суманд энэ сарын 05-ны өдөр долоон иргэн метилийн спиртэд хордож, тэдний дөрөв нь нас барьж, гурав нь Улаанбаатар хотод хүргэгдэн ирж, Нэгдүгээр эмнэлэгт биеийн байдал нь хүнд байгаа талаар бид мэдээлсэн билээ. 

Тэгвэл бид хэрэг явдал юу болж өнгөрсөн талаар зарим эх сурвалжаас тодрууллаа. Учир нь хөл хорионы энэ үед согтууруулах ундааг хориглосон нь эдгээр иргэнийг метилийн спиртэд хордож, амиа алдахад хүргэлээ гэж зарим хүн УОК-ыг шүүмжилж байгаа юм. 

Тэгвэл эдгээр иргэний дөрвийг нь хамт ажилладаг хүмүүс нь Заамар сумын эмнэлэгт арван хоёрдугаар сарын 05-ны өдрийн 18 цагийн орчимд хүргэж ирсэн байна. Харин Хайлааст багийн эмнэлэгт хоёр хүн энэ цагт хүргэгдэж очжээ.

Учир нь тэд хэрэг гардгийн өмнөх өдөр /2020.12.04/ -ийн 20:30 цагаас эхлэн ууж эхэлсэн байна. Тэднийг сууж байтал нэг нь “үүнийг уух уу” гэж метилийн спирт барин асууж. Улмаар тэд тус зүйлийг “метилийн спирт” гэдгийг нь мэдэлгүй уусан талаараа ярьжээ. Метилийн спирт нь архи шиг  үнэртэй байдаг байна. 

Ингээд маргааш нь буюу арван хоёрдугаар сарын 05-ны өдрийн 15 цагийн орчимд тэдний нэг нь нас баржээ. Иймд тэд байдал бишидсэнийг мэдэж ийнхүү эмнэлгийн байгууллагад хандсан байна.

Ингээд эмнэлэгт хандсан иргэдийн эхний хүн 19 цагт, дараагийн хүн 21:34 цагт, удаах нь 22 цагийн үед сумын эмнэлэгт амьсгал хураажээ. Эдгээр хордсон иргэд 18-49 насны бичил уурхай эрхлэдэг, зарим нь том автомашин жолооддог, засварын ажил хийдэг байжээ. Одоогоор амь насаа алдсан иргэдийн ар гэрт мэдээлэл хүргэх, цогцост задлан шинжилгээ хийх ажлыг цагдаагийн байгууллага хийж байгаа ажээ.