Дахин нэг нярай хогийн цэг дээрээс олджээ

Дахин нэг нярай хогийн цэг дээрээс олджээ

Өнгөрсөн долоо хоногт нярай хүүхдээ автомашин дээр орхиж явсан хэрэг гарч, олон нийтийг эмзэглүүлсэн билээ. Азаар нярай амьд сэрүүн, даарч осгоогүй байдалтай олдсон бөгөөд түүний ээж гэх 26 настай эмэгтэйг илрүүлэн, цагдаагий байгууллагаас шалгаж буй. Тэгвэл өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн орон сууцны хогийн цэг дээрээс гялгар уутанд хийсэн нярайн цогцос олдсон байна.

Улмаар албаныхан яаралтай шалгалтын ажиллагаа явуулж, нярайн эхийг олж тогтоосон нь тус дүүргийн оршин суугч 28 настай эмэгтэй О гэгч байжээ.

Тэрбээр, гэртээ төрсөн гэх ба төрөх үед ураг амьгүй байсан учир ийнхүү хог дээр хаясан гэх утгатай тайлбар өгчээ. Гэвч гэрчүүдийн зүгээс цагдаад дуудлага өгөх үед нярайг амьд байсан гэх мэдээллийг өгч байгаа ажээ. Энэ хэргийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.