Н.Номтойбаяр барилга дээр, М.Энхсайхан номын санчаар ажиллан ял эдэлж байна

2020-11-20 14:36

Н.Номтойбаяр барилга дээр, М.Энхсайхан номын санчаар ажиллан ял эдэлж байна

Улс төрийн хилс хэрэгт шүүхээс ял сонссон гэдэг зарим хүмүүсийн биеийн байдал муудаж, тэд давж заалдах шатны шүүх хуралдааныг цахимаар яаралтай хийх хүсэлтээ гаргаад байгаа талаар бид мэдээлсэн. 

Тэгвэл “Сумитомо”, “Шинхуа”, “Энержи ресурс”-ийн хамтарсан консорциумаар Таван толгой төслийг төмөр зам, баяжуулах үйлдвэр, цахилгаан станцтай нь цогцоор нь хөдөлгөх агуулгатай гэрээний төслийг боловсруулах ажлын хэсгийг ахлаад, улс төрийн шалтгаанаар хэлмэгдсэн гэх Ерөнхий сайд асан М.Энхсайхан “Хүүхдийн хорих анги”-д номын санч хийж байгаа ажээ. Тодруулбал, онц ноцтой хэрэг үйлдээгүй, хүнд хөдөлмөрийн улмаас эрүүл мэнд, амь нас нь хохирч болзошгүй гэх хүмүүсийг хорих ангиудын худаг, номын санд ажиллуулдаг гэх мэдээлэл бий. Иймд энэ дагуу түүнийг ял эдлүүлж байгаа бололтой. 

Харин УИХ-ын гишүүн, Нийгмийн Хамгаалал хөдөлмөрийн сайд асан Н.Номтойбаяр хоёр шатны шүүхээс 5,5 жилийн хорих ял сонсоод буй. Тэгвэл тэрээр  Мөнгөнморьтод арван хүнтэй барилгын бригад ахалж барилга барьж, ял эдэлж байгаа талаар “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт нийтэлжээ. 

Тодруулбал, түүнийг албан тушаал, эрх мэдлийн давуу байдлаа ашиглан Хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих сан /ХЭДС/-ийн 4 тэрбум төгрөгийг төрийн өндөр албан тушаалтнуудад зээлсэн хэрэгт буруутгасан байдаг. Гэтэл Хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих сангийн тус мөнгийг хачир дээрээ тухайн үеийн УИХ-ын зарим гишүүд хувааж авсан байдаг талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Харин шүүхээс 6 жилийн ял сонсоод буй Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Эрдэнэтийн хориход ял эдэлж байгаа ажээ. Мөн Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Оюутолгойн хөрөнгө оруулалтын хоёр дахь шатны төлөвлөгөө буюу Дубайн гэх гэрээнд гарын үсэг зурсан асуудлаар буруутгагдаж анхан шатны шүүхээс 4 жилийн ял сонссон Д.Ганболд, Б.Бямбасайхан нар 409 дүгээр ангид хоригдож байгаа ажээ. Товчхондоо тэднийг улс төрийн хилс хэрэгтнүүд гэсэн нь ийм л учиртай.  Тэдний ихэнх нь дээрээс өгсөн үүрэг чиглэлийнхээ дагуу ажиллаад шүүхээс ийнхүү ял сонссон байдаг юм. 

2020-11-20 12:45

С.Баяр, Ч.Давааням, Б.Ариунсан нарын бие муудаж, шүүх хурлыг яаралтай цахимаар хийх хүсэлт гаргажээ

Манай улс гамшгийн зэргээ нэмэгдүүлж бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд байна. Энэ хүрээнд олон төрийн байгууллагын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоод байна. 

Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаануудыг хойшлуулж, хэрэг нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авах ажиллагаанд тодорхой хязгаарлалт тогтоогоод байгаа юм. 

Тэгвэл улс төрийн хилс хэргээр шүүгдсэн, анхан шатны шүүхээс хорих ял сонссон гэдэг Ерөнхий сайд асан С.Баяр, ТЕГ-ын дарга асан Б.Ариунсан, “Петровис”-ийн Ч.Давааням нарын бие муудаж, давж заалдах шатны шүүх хуралдааныг яаралтай цахимаар хийх хүсэлтээ гаргасан гэх мэдээлэл байна. 

Учир нь анхан шатны шүүхээс 5 жилийн хорих ял сонсож, өдгөө ШШГЕГ-ийн харьяа 409 дүгээр ангид хоригдож байгаа С.Баярын тулай өвчин нь хүндэрсэн, бие нь муу байгаа гэх мэдээлэл байна. Харин 2 жилийн ял сонсоод байгаа “Петровис”-ийн Ч.Давааням хорт хавдартай бөгөөд, тэрээр ШШГЕГ-ийн харьяа 461 дүгээр хорих ангид, чийгтэй орчинд хоригдож байгаа нь өвчин хүндрэх нөхцөл бүрдсэн. Мөн түүний бизнесийн хамтрагч “Петровис”-ийн Ж.Оюунгэрэл саяхан таалал төгссөн явдалд тэрээр нэлээдгүй сэтгэлээр унасан талаар эх сурвалжууд мэдээлжээ. 

Мөн анхан шатны шүүхээс 1 жил 6 сар хоригдох ял сонссон Татварын Ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Ариунсангийн чихэрийн шижин өвчин хүндэрсэн тул өмгөөлөгч нь Давж заалдах шатны шүүхийг цахимаар яаралтай хийж өгөх нь үү гэсэн хүсэлт гаргаад байгаа ажээ. Учир нь түүнийг Татварын байгууллагын удирдах албан тушаалд ажиллаж байхдаа “Оюутолгой” ХХК-ийн улсад төлөх татварын хэмжээг үндэслэлгүйгээр бууруулсан гэж буруутгасан билээ.