Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх М.Энхсайханд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт нэгтгэн, шүүгдэгч М.Энхсайханд Нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, дөрвөн жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, эрх хасах ялыг хугацаатай хорих ял эдэлж дууссан цагаас эхлэн тооцох шийдвэр гаргаад байсан билээ.
М.Энхсайханы гомдлыг өнөөдөр /2020.11.11/ Улсын Дээд шүүхэд хэлэлцлээ. Шүүх бүрэлдэхүүн М.Энхсайханд оноосон ялаас зургаан сарын хугацааг хасаж, ялыг нь хөнгөлсөн байна.
Түүнийг Монгол Улсын сайдаар ажиллаж байхдаа Тавантолгойн гэрээн дээр эрх мэдлээ урвуулан ашигласан гэж буруутгасан байдаг. Хэдийгээр М.Энхсайхан шалгагдаж байх хугацаандаа өөрийгөө гэм буруугүй гэдгээ хэвлэлийнхэнд хэд, хэдэн удаа хэлж байсан ч анхан шатны шүүхээс түүнд 4.6 жилийн хорих ял оноогоод байсан юм.