Цагдаагийн албаны "Уран" дуудлагатай нохой олон гэмт хэргийг шуурхай илрүүлж, үүргээ чадварлаг гүйцэтгэдэг гэдгээрээ алдартай. Тэгвэл "Уран" дахин нэг хулгайн гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлжээ.
Тодруулбал, өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн 22:00 цагт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах нэгэн биллиардын газраар үйлчлүүлж байсан иргэний гар утас хулгайд алдагдсан тухай дуудлага тус дүүргийн цагдаагийн хэлтэст ирсэн байна. Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүн, нохойн төлөөлөгч Ахлах дэслэгч Х.Шинэбаяр болон албаны “Уран” дуудлагатай үнэрч нохойн хамт ирж самналт хийлгэхэд 23 настай эрэгтэй “А” гэгч нь дээрх иргэний гар утсыг хулгайлан 00 өрөөнд нуусан байсныг илрүүлсэн байна. Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Албаны нохойн сургалтын хэлтсийн “Уран” дуудлагатай эрэлч нохой нь урд нь хохирол ихтэй, ноцтой олон хэргийг халуун мөрөөр нь илрүүлж байсан тухай албаныхан хэлж байна.