Хууран мэхлэлт, залилан гээд гэмт хэргийн сэдэвтэй кинонд гардаг шиг үйл явдал Монгол улсад гарсан байж болзошгүй байна. Энэхүү үйл явдлыг Эрүүгийн цагдаагийн газар шалгаж байгаа ажээ.
-БАЙГУУЛАМЖ ХК НЬ 2006 ОНД ХХК БОЛЖ ӨӨРЧЛӨГДСӨН ҮҮ-
Тодруулбал, Анх 1991 онд Байгууламж ХК (Хувьцаат компани) байгуулагдсан гэсэн эх сурвалжийн мэдээлэл байгаа юм. Мөн zangia.mn сайтад нийтлэгдсэн “Бидний тухай” гэх Байгууламж компанийн мэдээлэлд “1991 оноос нийгэмд гарсан өөрчлөлтөөс хойш Байгууламж ХХК 90 гаруй барилга объект төслийг гүйцэтгэж …” гэжээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Гэтэл тус компани 2006 онд ХХК (Хязгаарлагдмал хариуцлагатай компани)-иар Улсын бүртгэлд бүртгүүлжээ. Тодруулбал, iSee.mn сайтын өнөөдөр хөндөж буй мэдээлэл тус компани болоод нэр бүхий банктай холбоотой байж болзошгүй байгаа юм.
-2015 ОНД НАС БАРСАН Д.БАТ**** АГСНЫ НЭР ДЭЭР 2017 ОНД ХАСБАНКАНД ДАНС НЭЭГДЭЖ, ГҮЙЛГЭЭ ХИЙГДСЭН ҮҮ-
Учир нь Д.Бат**** (iSee.mn сайт бурхан болооч, түүний гэр бүлийг хүндэтгэж нэрийг нь бүтэн бичээгүй болно) агсан эцэг эх, ах дүүсийн хамт Байгууламж ХК-ийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд тэрээр 1997 оны гуравдугаар сараас эхлэн гадаад амьдарч байгаад 2015 онд АНУ-д өвчний улмаас нас баржээ.
Гэтэл, талийгаач Д.Бат**** агсны нэр дээр 2017 оны дөрөвдүгээр сарын 04-ны өдөр Хасбанканд 5002050258 тоот данс нээгдэж, маргааш нь буюу дөрөвдүгээр сарын 05-ны өдөр Байгууламж компанийн ноогдол ашиг болох 14 сая гаруй төгрөг тус дансанд орж ирээд, тэр өдөртөө гүйлгээ хийгдэж тус мөнгийг хэн нэгэн “бэлэн”-ээр нь Хасбанкнаас авсан байж болзошгүй байгаа юм. Хачирхалтай нь, үйлчлүүлэгч нь банкны журмын дагуу иргэний үнэмлэх, гарын үсгийн баталгаа зэрэг өөрийгөө номлох баримтаа уншуулсан болж таарна.
-АСУУЛТ-
Хэрэв энэхүү баримтууд үнэн бол хэн Д.Бат**** агсны өмнөөс Хасбанканд данс нээлгэж, гүйлгээ хийв, Хасбанк яагаад данс нээв гэх асуулт гарч байна. Нөгөөтэй 1991 онд Байгууламж ХК (Хувьцаат компани) байгуулагдсан нь үнэн бол тус компани, хувьцаа эзэмшигчдэдээ мэдэгдэхгүйгээр 2006 онд ямар замаар ХХК (Хязгаарлагдмал хариуцлагатай компани) болов зэрэг асуулт гарч байгаа юм. Мөн иргэдийн өмнөөс хувьцааны гүйлгээ хийдэг бүлэглэл, сүлжээ байдаг юм биш биз гэх хардлага ч төрж байна. Иймд иргэн та хувьцаа эзэмшдэг бол таны хувьцаа хууль ёсны байгаа эсэхийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК -нд очиж шалгуулж, дансны хуулгаа аваарай гэж зөвлөх байна.
Үргэлжлэл бий ...