“Хаппи Фловерс” ХХК-ийн буруугаас хүүхэд гэмтсэн гэж үзжээ

“Хаппи Фловерс” ХХК-ийн буруугаас хүүхэд гэмтсэн гэж үзжээ

Аравдугаар сарын 9-ны өдөр “Mongolian positive”-н Э.Дөлгөөн, Т.Түвшинбаяр нар “Happy flowers” хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч зуучлах төвийн үйлчилгээнд сэтгэл хангалуун бус байгаагаа өөрсдийн цахим хуудаснаа бичсэн нь багагүй шуугиан тариад байсан билээ. Тодруулбал, тэд тус төвөөр зуучлуулан  7 сар гаруй хугацаанд хүүхэд асрагчийн үйлчилгээ авахад хүүхэд нь “эрүүгээрээ унаж, салтаа нь түлэгдсэн, нэг ч өдөр ажиллаж үзээгүй зөвхөн анкет бөглөсөн эмэгтэйг асрагчаар илгээсэн, 6,7 асрагч солигдож охины хувьд сэтгэл санаа тогтворгүй ууртай болсон” гэх мэт гомдлуудыг бичсэн юм.

Тэгвэл дээрх асуудлын хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас  “Хаппи Фловерс” ХХК-д шалгалт хийжээ. Тодруулбал, “Хаппи Фловерс” ХХК-д холбогдуулан хүүхэд гэмтэж, бэртсэн гэх гомдол гурван иргэнээс, хөдөлмөрийн гэрээний дагуу цалин хөлсөө аваагүй гэх гомдол 10 иргэнээс ирүүлсэн гомдол тус газарт ирсэн байна.

Тиймээс “Хаппи Фловерс” ХХК-д,

  • Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.6-д зааснаар “Компанийн үйл ажиллагааны чиглэл” гэх заалтад хүүхэд асрах үйлчилгээ эрхлэх талаар тусгах ёстой учраас компанийн дүрмэндээ өөрчлөлт оруулах;
  • Хүүхэд асрах үйлчилгээ авч буй хэрэглэгч /иргэн/-тэй байгуулах гэрээнд хариуцлагын буюу хүчирхийлэл, ёс зүйн талаарх асуудлыг тусгах шаардлага хүргүүлж байгаа аж. 

Хэрэв хугацаатай албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудын хүрээнд холбогдох арга хэмжээг авах юм байна.

Эх сурвалж: ШӨХТГ