Аравдугаар сарын 1-ний өдөр Ард кино театрт байрлах “Circle K” дэлгүүрийн ариун цэврийн өрөөнд 22 настай эмэгтэй амаржиж, улмаар төрсөн хүүхдээ хогийн саванд хаяж явсан ноцтой хэрэг гарсан.
Тодруулбал, 22 настай эмэгтэй тус дэлгүүрийн ариун цэврийн өрөөнд орж 20 орчим минут болоод гарахдаа хүүхдээ төрүүлээд, улмаар хогын саванд хаяж, дээрээс нь кофены шаар асгасан байхад нь дэлгүүрийн ажилчид олж, түргэн тусламж дуудан хүлээлгэн өгсөн байдаг. Удалгүй цагдаагийн байгууллага тус эмэгтэйг эрэн хайж, шуурхай олж илрүүлсэн бөгөөд өдгөө шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм. Харин дутуу төрж, хогийн саванд хаягдсан нярай өнөөдөр ЭХЭМҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.
Бид энэхүү хэргийн талаар, “тухайн өдөр яг юу болсон, ямар шалтгааны улмаас хүүхдээ хаяж явахад хүрсэн” талаар баримтжуулан хүргэж байна.
-СЭЖИГТЭН Н НЬ “БИ ЖИРЭМСЭН БИШ” ГЭХ УТГАТАЙ
ХАРИУЛТЫГ ААВДАА ХЭЛЖ БАЙЖЭЭ-
Дутуу төрсөн нярайгаа хогийн саванд хаяж явсан эмэгтэйг 1997 онд төрсөн, Н гэх бөгөөд Чингэлтэй дүүрэгт аав, ээж, дүү нарын хамт амьдардаг байж. Түүний ээж нь сэтгэцийн өөрчлөлттэй нэгэн гэдгийг албан бус эх сурвалжууд мэдээлж байсан юм.
Тус хэргийн сэжигтэн Н нь их сургууль төгсөж, “дээд боловсрол” эзэмшсэн ч, тэрээр хэрэг гарах үед нэгэн хоолны газар ажиллаж байжээ. Түүний аав нь “охиноо Орхон аймгийн харьяат нэгэн залуутай үерхэж байгааг нь мэддэг ч, жирэмсэн болсон гэдгийг нь мэдээгүй байсан аж. Харин сүүлийн хэдэн сар охиныхоо гэдсийг үл ялиг томорж буйг анзаарсан тэрээр жирэмсэн эсэхийг нь асуусан ч охин Н нь “үгүй, зүгээр” гэсэн хариултыг өгч байжээ. Мөн Н-г нөхөргүй, гэр бүлийн амьдрал зохиож байгаагүй, сэтгэцийн ямар нэгэн өөрчлөлтгүй гэж түүний аав нь хуулийн байгууллад мэдэгджээ.
-“АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨНД МУУРЫН ЗУЛЗАГА ШИГ ЗҮЙЛ ДУУГАРААД БАЙНА” ГЭЖ ДЭЛГҮҮРИЙН АЖИЛТАНД ХЭЛЖЭЭ-
Хэрэг гарсан аравдугаар сарын 1-ний өдрийн 14 цагийн орчимд сэжигтэн Н Чингэлтэй дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Circle K дэлгүүрт орж ирж, уух юм авчихаад, тус газрын ариун цэврийн өрөөнд орж хэсэг байж байгаад 15 цагийн орчимд шууд гарч явж буй нь камерын бичлэгт үлдсэн байдаг.
Үүний дараа тус дэлгүүрээр үйлчлүүлж байсан ЕБС-ийн хэдэн сурагч, дэлгүүрийн ажилтанд “эгч ээ, ариун цэврийн өрөөнд муурын зулзага шиг юм дуугараад байна” гэж хэлжээ.
Ингээд тус ажилтан 00-ын өрөө рүү орж үзэхэд хогийн сав цус болчихсон, дотор нь ямар нэг зүйл дугарсан тул дэлгүүрийн эрэгтэй ажилтан М-ийг дуудаж “00-д амьтан алаад хийчихсэн юм шиг байна, гэхдээ үхээгүй юм шиг байна” гэжээ. Ингээд М тус өрөөнд орж хогийн саванд хүүхэд байхыг олж, даавуунд өлгийдөн боож, эмнэлэг, цагдаагийн байгууллагын тусламж иртэл нярайг харж байжээ.
-СЭЖИГТЭН “Н” ЖИРЭМСЭН ГЭДГЭЭ МЭДЭЭГҮЙ ГЭХ
УТГАТАЙ МЭДҮҮЛЭГ ӨГСӨН ҮҮ-
Харин сэжигтэн Н нь тус дэлгүүрийн ариун цэврийн өрөөнд амаржсаныхаа дараа суултуурын усыг татаж, нярайг урсгах гэж оролджээ. Улмаар нярай том хэмжээтэй учир суултуурын усанд татагдалгүй тээглэсэн тул, хогийн саванд хийгээд, суултуурын хажууд байсан кофены шаарыг нярайн дээрээс асгасан байжээ. Ингээд шууд тус дэлгүүрээс гарч, ажил дээрээ ирсэн байж болзошгүй байгаа юм.
ЭХЭМҮТ-ийн тус нярайд хийсэн үзлэгээр 1 кг гаруй жинтай, эрэгтэй хүүхэд гэсэн байдаг.
Тэгвэл сэжигтэн Н нь “Өөрийгөө жирэмсэн гэдгээ мэдээгүй, зулбасаныхаа дараа л мэдсэн. Мөн ямар нэгэн эмнэлгийн хяналтанд өнгөрсөн хугацаанд ороогүй” гэсэн гэх албан бус эх сурвалжийн мэдээлэл бий. Мөн Н нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон дараа нь сэтгэл санаа нь хямарсан, цочирдож айсан шинжгүй байсан байж болзошгүй байгаа юм.
-СЭЖИГТЭН “Н” НЬ НЭР БҮХИЙ ЗАХААС ҮР ЗУЛБУУЛАХ ЭМ ХУДАЛДАН АВСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ БАЙГАА АЖ-
Шүүх эмнэлгийн дүгнэлтээр сэжигтэн Н-д амаржсан гэх ул мөр тогтоогдсон байна. Ингээд дутуу төрүүлсэн нярайд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэлгүй, амьд байхад нь алах зорилгоор суултуурын усанд хийж урсгах гэж оролдсон, улмаар хогийн саванд хийж хаяж явсан гэх үндэслэлээр түүнийг буруутгаж байгаа ажээ.
Харин албан бус эх сурвалжуудын мэдээлж буйгаар Н нь нэр бүхий зах дээр хууль бусаар борлуулдаг, үр зулбуулах эм худалдан авч, уусан байж болзошгүй байгаа аж. Иймд цагдаагийн байгууллага Н-д үр зулбуулах эм зарсан байж болзошгүй зарим этгээдүүдийг илрүүлэн шалгаж байгаа ажээ. Учир нь үр зулбуулах эмийг хувь хүн худалдан борлуулах нь хууль бус бөгөөд зөвхөн эмчийн жороор, эмнэлгийн нөхцөлд тус эмийг хэрэглэдэг байна.