Төрийн бус байгууллага /ТББ/ гэж нам, үйлдвэрчний эвлэл, сүм хийдээс бусад, төрөөс хараат бус, ашгийн төлөө бус байгууллагыг хэлнэ гэж Төрийн бус байгууллагын тухай хуулинд заажээ. Гэтэл өнөөдөр зарим иргэд татвараас зайлсхийх, их хэмжээний ашиг орлого олохын тулд ТББ байгуулан үйл ажиллагаа эрхэлдэг нь нууц биш болсон.
Тэгвэл ашгийн төлөө бус үйл ажиллагаа явуулах ёстой хоёр ч ТББ руу “Эрдэнэт” ТӨҮГ-аас энэ онд их хэмжээний мөнгө шилжүүлсэн нь тус байгууллагын “Шилэн данс”-нд тэмдэглэгдсэн байна.
-МХЗХС ТББ РУУ 200 САЯ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛЖЭЭ-
Тодруулбал, “Монголын хүүхэд залуучуудын хөгжлийн сан” /МХЗХС/ Нийгэмд үйлчлэх ТББ /НҮТББ/ руу энэ оны долдугаар сард Эрдэнэт үйлдвэрээс 200 сая төгрөгийг шилжүүлсэн байна.
Гэтэл тус НҮТББ нь 2015 онд байгуулагдсан, таван гишүүнтэй, өнөөдөр Ш.Энэбишдорж гэх иргэн Удирдах зөвлөлийн дарга хийдэг байна.
Мөн тус ТББ нь энэ оны наймдугаар сар /2020.08.14/-д үйл ажиллагааны чиглэлээ “Иргэдийг идэвхитэй, эрдэм боловсролтой болгох, сурч хөгжих боломжийг бүрдүүлсэн аливаа нийтийг хамтарсан төсөл, хөтөлөрт оролцуулах, судалгаа хийх, сургалт семинар зохион байгуулах, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх,сайн үйлсийн аян зохион байгуулах, ижил зорилготой байгууллагуудтай хамтран ажиллах, олон талт үйл ажиллагааг явуулна” болгож бүртгүүлсэн байна.
-БУЛГАН ИННОВАЦИ КЛУБ ТББ РУУ 700 САЯ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛЖЭЭ-
Тэгвэл энэ оны долдугаар сард “Булган Инноваци Клуб” ТББ руу Эрдэнэт үйлдвэрээс 700 сая төгрөг шилжүүлсэн байна.
Энэхүү ТББ нь 2017 онд байгуулагдсан бөгөөд Х.Энхбат хэмээх ганц гишүүнтэй. Мөн Х.Энхбат нь тус ТББ-ын ТУЗ-ын дарга хэмээн бүртгүүлжээ.
Улмаар тус ТББ нь “Булган аймгийн хөгжил дэвшил, хүн амын сайн сайхан амьдрах боломжийг бий болгохын төлөө төсөл, хөтөлбөр санаачлах, зохион байгуулах, удирдах, хэрэгжүүлэх, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, Булган аймгийг Монгол улс болон олон улсын хэмжээнд сурталчилах” гэж үйл ажиллагааны чиглэлээ Улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
Энэ их хэмжээний мөнгийг ямар шалгуураар тус ТББ-ууд руу Эрдэнэт ТӨҮГ-аас шилжүүлсэн. Эдгээр байгууллагууд тус мөнгийг зориулалтын дагуу зарцуулж байгаа эсэхийг хууль хяналтын байгууллага шалгах л үлдээд байна.