Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 34 дүгээр гудамжинд өчигдөр /2020.10.27/ 06:35 цагийн үед байшин шатаж иргэн С /21 настай, эрэгтэй/, иргэн Б /20 настай, эрэгтэй/, иргэн А /17 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Энэ хэргийн талаар СХД-ийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Батбаяр мэдээлэл өгсөн байна. Тэрбээр "Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хэргийн газарт ажиллаж, гурван хүний амь нас хохирсон болохыг тогтоолоо. Үүнээс хоёр амь хохирогч нь Орхон аймгийн харьяат байсан. Тэд Улаанбаатар хотод ажил хэргийн шугамаар ирээд амь насаа алдсан байна. Үлдсэн нэг амь хохирогчийг хэн болохыг тогтоох ажиллагаа явагдаж байна" гэжээ.
Энэ долоо хоногийн эхээр буюу аравдугаар сарын 26-нд Сонгинохайрхан дүүргийн 35-р хороонд монгол гэрт цоожлогдсон байсан бага насны дөрвөн хүүхэд мөн гэртэйгээ шатаж амиа алдсан билээ.