Ж.Болор-Од: Охиныг минь машинаараа дайрч, дээгүүр нь гарчихаад бууж ирээд шууд сэгсэрч байсан

Ж.Болор-Од: Охиныг минь машинаараа дайрч, дээгүүр нь гарчихаад бууж ирээд шууд сэгсэрч байсан

Манай улс хүүхдэд ээлгүй орон болж хувирсны олон жишээ сүүлийн үед толгой дараалан гарах боллоо. Хойд эцэгтээ зодуулсан, цоожтой гэртээ шатаж амиа алдсан, гэр бүлийхэндээ хүчирхийлүүлсэн, зам тээврийн осолд өртсөн бяцхан үрсийн тоо өдөр ирэх тусам ихэссээр буй нь харамсалтай. Энэ удаад бид гэрээсээ тоглох гэж гараад эргэж орж ирээгүй 7 настай Э охины хэргийн талаар мэдээлэл бэлдлээ.

Одоогоос яг гурван сарын өмнө Сүхбаатар дүүргийн 10-р хороонд байрныхаа гадаах тоглоомын талбайд тоглохоор гарсан цовоо сэргэлэн охин хэдхэн мөчийн дараа нүд хальтирам байдалтай зам дээр хэвтэж байсан гэдгийг охины ээж Ж.Болор-од бидэнд ярьсан юм.

-ОСЛЫН ДАРАА ОХИНД МИНЬ ЭРҮҮЛ ЭРХТЭН ҮЛДЭЭГҮЙ БАЙСАН.
УУШГИ НЬ БЯЦАРЧ, ААРЦАГ НЬ ЗАДРАН ХОЁР ХӨЛ НЬ ЭРГЭЧИХСЭН
ОХИНОО БИ ХАРААД ТАНИАГҮЙ-

-Юуны өмнө бүх уншигчдын өмнөөс танай гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Тухайн өдөр яг юу болсон юм бэ?

-Одоогоос яг гурван сарын өмнө манай гэр бүлд нөхөж баршгүй их гарз хохирол учирсан юм. Зургаадугаар сарын 26-ний өдөр 17:00 цагийн үед охин минь яг энэ ард харагдаж байгаа тоглоомын талбайд тоглохоор гэрээсээ гарсан. Гэтэл тоглож наадахаар гарсан цовоо сэргэлэн охин минь машинд дайруулж нүд хальтирам болсон байсан. Энэ байрны бүх хүүхдүүд ганцхан энэ тоглоомын талбай дээр л ирж тоглодог. Гэхдээ энэ хашаа, хурд сааруулагч тэр үед байгаагүй. Осол гарсны дараа л сонгуулийн ажил болгож хорооны дарга нар хийсэн байна лээ. Яг тэр үед охин минь тоглоомын талбайгаас энэ зам руу гүйсэн юм билээ. Гэтэл тэр машин ирж мөргөөд, хэсэг газар чирээд зогссон.Зогсохдоо охины минь дээгүүр гараад замын хашлага даваад, граш мөргөөд зогссон байсан. Хэрвээ энэ граш, замын хашлага байгаагүй бол миний охиныг цааш нь хэр их газар чирж давхих байсан бол гэдгийг би төсөөлж ч чаддаггүй. Тэгээд дайрчихаад бууж ирээд миний охиныг шууд сэгсэрч байгаа нь камерын бичлэгт үлдсэн байсан. Дайруулаад шоконд орчихсон хүнийг сэгсэрч огт болдоггүй гэсэн.

-Охин тэр үед эмнэлгийн тусламж авч чадсан уу?

-Осол 18:00 цагийн үед гарсан. Тэгэхэд түргэн ирээд аваад явсан. Гэхдээ гурван цагийн турш охин минь огт ухаан оролгүй, сэхээнд байсаар тухайн өдрийн 21:45 минутанд амьсгал хураасан. Тэр үед охинд минь эрүүл эрхтэн нэг ч үлдээгүй байсан. Уушги бяцарч, аарцаг задарсан мөн эгэм нь хугарч хоёр хөл нь эргэчихсэн байсан. Охиноо хараад би үнэхээр таниагүй. Эмч нар ч мөн охиныг минь хараад толгой сэгсэрч байсан. Ингэж дайруулсан бага насны хүүхэд бүү хэл том хүн ч амьд үлдэх боломжгүй гэж дараа нь хэлж байна лээ.

-Охиныг дайрсан жолооч нь эрүүл байсан уу, ямар учраас ийм санамсар болгоомжгүй үйлдэл гаргасан юм бол оо?

-Эрүүл байсан. 37 настай, эмэгтэй жолооч байсан л даа. Тухайн үедээ “Тоёота Аурус” маркийн машиндаа 5-лаа явж байсан юм билээ. Тэгээд л анхаарал нь суларсан байх. Миний бодлоор хүүхэд дайрчихаад сандарсандаа шууд хаазаа гишгэчихсэн байх. Хэрвээ шууд тоормозлоод зогссон бол миний охин өдийд эрэмдэг ч гэсэн ээжийнхээ хажууд байх байсан даа гэж боддог.

-ЖОЛООЧ ЭМЭГТЭЙ ТЭР ҮЕД ЭРҮҮЛ БАЙСАН. ГЭХДЭЭ САНДАРСАНДАА ШУУД ХААЗАА ГИШГЭЧИХСЭН БАЙХ ГЭЖ БИ БОДОЖ БАЙГАА-

-Жолооч тухайн үед хэдэн км цагийн хурдтай явж байсан юм бол?

-Өгсөн мэдүүлэгтээ “10-20 км цагийн хурдтай явж байтал гэнэт хүүхэд гарч ирээд, сандарсандаа жолоогоо зүүн тийшээ дараад зогссон” гэж хэлсэн байсан. Гэтэл тухайн үед хэргийн газарт байсан гэрчүүд маш хурдтай явж байсан гэдгийг хэлдэг юм. Жишээ нь энэ “Нархан” гээд дэлгүүрийн эгч яг тэр үед хүүхдээ салхилуулаад зогсож байхад нь маш хурдтай машин орж ирснийг харсан байсан. Гэтэл энэ хүнээс ч гэрчийн мэдүүлэг гэж огт аваагүй. Харин машинд хамт сууж явсан хүмүүс нь 10-20 км цагийн хурдтай явж байсан, хүүхэд гэж  хэлсэн” гэсэн мэдүүлэг өгсөн байна лээ.

-Эхний шүүх хурал саяхан болсон гэсэн. Ямар шийдвэр гарав?

-Тийм ээ, эхний шүүх хурал 8 хоногийн өмнө болсон. Нэмэлт шинжээч томилж дахин хэргийг шалгах болсноор дараагийн шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшилсон.

-ҮРЭЭ АЛДСАН ЭХ ХҮНД ХУУРАМЧ БАРИМТ ҮЙЛДЭХ
СЭДЭЛ ХЭЗЭЭ Ч ТӨРӨХГҮЙ-

-Нөгөө талаас таныг өмгөөлөгчтэйгөө нийлж хуурамч баримт үйлдсэн гэсэн дүгнэлт гаргасан гэсэн?

-Тийм ээ, би үнэхээр гайхаж, эмзэглэсэн. Охиныхоо оршуулгын ёслолыг хийх гээд бүх зүйлээ ломбардад тавьсан. Тэр үед үнэхээр ухаан мэдрэл байгаагүй учраас хүмүүст картаа өгөөд л явуулсан юм. Ингээд оршуулгын ёслолд хэрэглэх гэж авсан зүйлсийнхээ баримтыг аваагүй. Оршуулгын ёслолд гаргасан зардалаа нөхөн төлбөр болгож авах хүсэлт гаргасны дагуу баримтууд хэрэг болсон л доо. Тэгээд дансныхаа хуулгыг харж байгаад тухайн үед худалдан авалт хийсэн газрууд дээрээ очиж, үнэн учраа хэлээд баримт бичүүлж авсан. Гэтэл тэдгээр баримтуудыг маань хуурамчаар үйлдсэн гэж хэлсэн. Үрээ алдсан эх хүнд хуурамч баримт үйлдэх санаа сэдэл яаж төрөх вэ дээ. Бодохоос ч гомдмоор. Хүмүүс үнэхээр аймшигтай юм билээ.

-Жолооч тантай ирж уулзсан уу?

-Охиноо хөдөөлүүлсний дараа нэг удаа ирж уулзсан. Түүнээс хойш ахиж ирж уулзаагүй, утсаар ч яриагүй. Хайран сайхан охиноо алдчихсан эх хүнд ингэж хатуу хандаж байгаад нь үнэхээр гомдож байна. Ер нь Монгол улс хуулиа чангатгаж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгохдоо анхааралтай хандаж байх нь чухал болоод байна даа.

Бидний яриа ийнхүү өндөрлөсөн юм. Үрээ алдсан эх хүний зовлон хэмжээлшгүй их билээ. Гэвч томчуудын анхаарал болгоомжгүй үйлдлээс болж бяцхан үрс маань хохирсоор л байна. Одоогоор прокурорын зүгээс шүүгдэгч эмэгтэйг Эрүүгийн тухай хуулийн тусгай  ангийн 27.10.3-т зааснаар Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчиж, хүний амь нас хохироосон гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. Улмаар шүүгдэгч эмэгтэйн гэм буруу тогтоогдвол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 3-5 жилээр хасаж, 1-5 жилийн зорчих эрхийг нь хязгаарлах эсвэл 1-5 жил хүртэлх хугацаанд хорих ялаар шийтгэх юм.