Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарт холбогдох Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 10.00 цагт болно.Тэдэнд холбогдох давж заалдах шатны шүүх хурлыг энэ сарын 13-ны өдөр товлосон ч шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хурал давхацсан гэх үндэслэлээр өнөөдрийг хүртэл хойшлуулаад байгаа юм.
Б.Хурц нарын зургаан хүнийг С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутгасан билээ. Улмаар өнгөрсөн долдугаар сард Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт ял оноосон юм. Тодруулбал, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Г.Эрдэнэбат нарт гурван жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон. Харин О.Бямбажав, Ү.Отгонбаяр нарт хоёр, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял оноосон юм.