Хүүгийн ээж айл руу яваад ирэх хооронд уйлсан гэсэн шалтгаанаар зодож, аминд нь хүрчээ

Хүүгийн ээж айл руу яваад ирэх хооронд уйлсан гэсэн шалтгаанаар зодож, аминд нь хүрчээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд олныг цочирдуулсан хэд хэдэн аймшигт хэргүүд гарчээ. Харин тус хэргийн хохирогчид нь дан бага насны хүүхдүүд байгаа нь анхаарал татаж буй юм.

Тодруулбал, Дорноговь аймагт хойд аавдаа хүчирхийлүүлсэн 9 настай охин, Сэлэнгэ аймагт аавдаа зодуулж, амиа алдсан 1 настай хүү, Сонгинохайрхан дүүрэгт гэртэйгээ шатаж амиа алдсан дөрвөн хүүхдийн хэрэг өнгөрсөн амралтын өдрүүдэд гарч, олон нийтийг эмзэглүүлээд байна.

-ХҮҮГИЙН ТӨРСӨН ЭЦЭГ ГЭХ З НЬ ХЭРЭГ ГАРСАН ӨДӨР СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ЗҮЙЛ ХЭРЭГЛЭЭГҮЙ, ЭРҮҮЛ УХААНТАЙ БАЙСАН
ГЭДГИЙГ ЭХ СУРВАЛЖУУД ДУРДЖЭЭ-

Хойд аавдаа зодуулж амиа алдсан 9 настай охины мэдээлэл дарагдаж ч амжаагүй байхад дахин нэг бяцхан хүү төрсөн эцгийнхээ гарт амиа алдсан нь иргэдийг айдаст автуулсан юм. Энэхүү хэргийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “хойд эцэг болох 33 настай Б нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ дагавар хүүгээ саваа модоор шийтгэх нэрийдлээр зодож, амийг нь хөнөөсөн. Цагдаагийн бүрэлдэхүүн хэргийн газарт очиход олон цаг зодуулсан хүүгийн чих болон амнаас нь их хэмжээний цус гарсан байдалтай нас барсан байсан” хэмээн мэдээлсэн байдаг.

Харин тухайн хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэхдээ “Энэ сарын 25-ны өдөр буюу өнгөрсөн ням гаригт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт  1 нас 5 сартай хүү гадны нөлөөтөй байдлаар амиа алдсан нь тогтоогдсон. Хүүгийн үхэлд төрсөн эцэг болох З-г сэжиглэн, шалгаж тус этгээдэд цагдаагийн байгууллагаас цагдан хорих арга хэмжээ авсан” гэж мэдэгдсэн юм.

-ХҮҮГИЙН ЭЭЖ ГЭХ Н НЬ СЭТГЭЦИЙН ӨӨРЧЛӨЛТТЭЙ БӨГӨӨД
ТУС ГЭР БҮЛ ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ БАЙЖЭЭ-

Амиа алдсан хүүг Б гэдэг байсан бөгөөд түүний төрсөн эцэг З нь хүүгийн аминд хүрсэн болохыг эх сурвалжууд мэдээлж байна. Хэрэг гарсан өдөр хүүгийн эцэг гэх З нь архидан согтуураагүй эрүүл ухаантай байсан, ээж нь ойрхон айл руу яваад ирэх хооронд хүү уйлаад байсан учир дуугүй болгох гэж нэг цохисон. Олон удаа саваа модоор зодоогүй байх” гэсэн мэдээллийг албан бус эх сурвалжууд хэлсэн юм. Тус гэр бүл гурван хүүхэдтэй бөгөөд амиа алдсан Б хүү хамгийн бага хүүхэд нь байжээ. Хүүгийн ээж Н нь сэтгэцийн өөрчлөлттэй байж болзошгүй ба тус сумын эмнэлэгт ажилладаг ажээ. Одоогоор цагдаагийн байгууллагаас дээрх хэргийг мөрдөн шалгаж тус гэр бүлд өмнө нь хүчирхийлэл үйлдэгддэг байсан эсэхийг тогтоохоор ажиллаж байна.

-ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ХЭДЭН ӨДӨР ЯРИГДААД, ХЭСЭГ ШУУГИАД МАРТДАГ СЭДЭВ БОЛСООР БАЙХ УУ-

Одоогоос сарын өмнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 9 настай охин хойд эцэгтээ зодуулж амиа алдаж байсан талаар хэвлэлүүд мэдээлж байлаа. Энэхүү аймшигт хэргийг иргэд эсэргүүцэн ““ХҮЧИРХИЙЛЛИЙГ ТЭВЧДЭГГҮЙ ХҮН БАЙ” жагсаал хөдөлгөөн өрнүүлж байв. Гэвч сарын дараа дахин нэг бяцхан зүрх эцэг нэртэй алуурчны гарт зогсож, дөрвөн бяцхан амь шатаж буй гэрт үрэгдлээ. Сүүлийн үед энэ мэтчилэн бага насны хүүхдүүдийн бие сэтгэлд эцэг эх, асран хамгаалагчид нь дарамт, хүчирхийлэл учруулах цаашлаад амь насыг хохироох жигшүүрт хэрэг толгой дараалан гарсаар байна. Гэсэн ч өнөөгийн нийгэмд хэдхэн өдөр яригдаж, хэсэгхэн шуугиад өнгөрдөг жирийн нэг сэдэв болоод буй нь тун харамсалтай. Тиймээс хүүхдийн хүчирхийллийг таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэхэд шат шатны байгууллагууд анхааран ажиллаж, бодитой арга хэмжээ авах шаардлага зайлшгүй тулгараад байна.