Улаанбаатар хотод өдөрт дунджаар 280 орчим зам тээврийн осол бүртгэгддэг гэсэн тоо баримт бий. Эдгээр ослуудын ихэнх нь жолоочийн буруутай үйл ажиллагаанаас болдог бол явган зорчигчдын санамсар болгоомжгүй үйлдэл ч ослын шалтгаан болох нь бий. Тэгвэл эдгээр ослуудаас зөвхөн нэг тохиолдлыг нь бид энэ удаа баримтжуулан хүргэж байна.
Хэргийг тодруулбал, өнгөрсөн шинэ жилийн баярын өдөр буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний 21:10 цагийн үед Хан-Уул дүүргийн 15-р хороо “Наадам центр”-ийн баруун талын замд 43 настай, эрэгтэй С.Баярлахыг марк, улсын дугаар нь тодорхойгүй автомашины жолооч дайрч, эрүүл мэндэд нь хохирол учруулаад хэргийн газраас зугтсан гэх мэдээллийг Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст тус өдрийн 23:41 цагт нэгэн гэрч мэдэгдсэн байна.
Цагдаагийн алба хаагчид газар дээр нь шуурхай очиж иргэнийг үзэхэд хүнд гэмтсэн байсан тул ГССҮТ-д аваачсан ч маргааш нь буюу нэгдүгээр сарын 01-ний өдөр амьсгал хураажээ.
-СҮХБААТАР ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ БАЙРЛАХ НЭГЭН ГАРАЖНААС ХЭРГИЙГ ҮЙЛДСЭН ГЭХ АВТОМАШИНЫГ ОЛЖ, ШАЛГАЖЭЭ-
Харин уг хэргийн гомдол мэдүүлгийн дагуу Замын цагдаагийн албанаас хяналт, шалгалт хийж үзэхэд тухайн газарт хүн автомашинд мөргүүлсэн болох нь үзлэгээр тогтоогдсон байна. Улмаар Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын алба хаагчид Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт шалгалтын ажиллагааг зохион байгуулж байх явцад 2а байрны урд талын гаражид байсан... гэх улсын дугаартай “Ниссан Жуке” маркийн автомашиныг иргэн Э.Уянга жолоодож хэрэг гарсан цаг хугацаанд тухайн замаар замын хөдөлгөөнд оролцсон болох нь тогтоогджээ. Тус машинд үзлэг хийж үзэхэд зүүн урд талын гупер нь халцарч, цагаарсан мөн баруун хойд буланд халцарч харласан байсан ба хэрэг гарсан зам дээрээс хар өнгийн хоёр ширхэг хуванцарын хагархайг олж, эд мөрийн баримт болгон авсан байна.
Мөн “Цэнгэлдэх” хотхоны хяналтын камерт талийгаач С.Баярлах нь 21:16:35 секундэд газарт унан хэвтэж байхад нь 21:16:53 секундэд” Ниссан Жуке” маркийн хар бараан өнгийн автомашин талийгаач дээгүүр зүүн талын дугуйгаараа дайрчихаад зогсолгүй цааш явсан нь бичигдэж үлджээ. Харин түүний араас ирсэн “Альфард” маркийн цагаан өнгийн машины эзэн талийгаачид тусламж үзүүлж, дуудлага өгсөн байна.
-ТАЛИЙГААЧИЙГ ДАЙРСАН ГЭХ АВТОМАШИНЫ ЖОЛООЧ ЭМЭГТЭЙ “БИ УУТТАЙ ХОГ ГЭЖ БОДСОН. ТУХАЙН ҮЕД ЗАМЫН ГЭРЭЛТҮҮЛЭГ МУУ БАЙСАН, МӨН БИ ХАРАА МУУТАЙ” ХЭМЭЭН МЭДҮҮЛЭГ ӨГЧЭЭ-
Талийгаачийг дайрсан гэх “Ниссан Жуке” маркийн автомашины жолооч Э.Уянга нь өгсөн мэдүүлэгтээ “замын хашлаганы хажууд саарал өнгийн зүйл гялалзаж байсан. Тухайн үед дээгүүр нь гараад өнгөрөхдөө хүмүүс ууттай хог юмуу эд зүйлсээ хаясан байх гэж бодсон. Тухайн үедээ хурдаа хасаж, жолоогоо хажуу тийшээ дараагүй гэнэт л гарчихсан. Жолооч талын урд дугуй ямар нэг зүйл дээгүүр гарах шиг болсон. Надад бага зэрэг л мэдрэгдсэн. Ойролцоогоор 40-50 км цагийн хурдтай явж байсан. Хэрвээ хүн дайрсан гэдгээ мэдсэн бол явахгүй зогсох байсан. Тухайн үед замын гэрэлтүүлэг муу мөн машины ойрын гэрэл дээр явж байсан учир үзэгдэх орчин муу байсан. Би бас хараа муутай” хэмээн ярьжээ. Гэвч хэргийн газрын зам орчны байдалд хийсэн үзлэгээр үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, цаг агаар тогтуун байсан хэмээн гарсан байна.
-ТАЛИЙГААЧИЙН ЦОГЦОСТ ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭГЭЭР
“11 ХАВИРГА НЬ ХУГАРЧ, УУШИГ НЬ НЯЦРАН, ДЭЛҮҮ ЯЗАРСАН”
ГЭСЭН ХАРИУ ГАРЧЭЭ-
Тухайн үед талийгаач дотны найзтайгаа уулзаж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь мөн тогтоогдсон ба цогцост нь хийсэн шинжилгээгээр баруун талын 3, зүүн талын 8 хавирга хугаралттай, уушиг нь няцарч, цус хурсан, мөн зүүн бугалганы доод булуу, шуу, богтос яс нь хугарч, дэлүү нь язарсан гэсэн хариу гарчээ. Эцэст нь талийгаачийг дайрсан гэх иргэн Э.Уянгыг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалтыг зөрчөөгүй, “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжгүй хэмээн үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Харин талийгаачийг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12-т зааснаар “Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно: б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй хэмээн дурджээ.
Талийгаачийн ар гэрийнхэн энэхүү хэрэг дээр өнөөг хүртэл гомдолтой байгаа бөгөөд тэдний зүгээс хууль шүүхийнхэн шударга бус ажилласан хэмээн үзэж байгаа аж. Талийгаачийн төрсөн дүү болох С.Эрдэнэчимэг “Жолооч хүн ямар ч саадыг тойроод гардаг. Дээрээс нь ямар ч хүн амьд хүн, хог хоёрыг ялгалгүй дайрах боломжгүй. Ахыг маань дайрсан хэдий ч тэр дороо зогсоод тусламж үзүүлсэн бол ах минь өдийд тахир дутуу хэдий ч амьд байх байсан юм” хэмээн нулимс дуслуулж байсан юм.