Улсын бүртгэлийн ерөнхий газраас үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аваагүй болон хүчингүй болсон шашны байгууллага, хуулийн этгээд, зарим хадгаламж зээлийн хоршооны бүртгэлийг хүчингүй болголоо.
Тодруулбал, тус газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагчийн энэ оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 4736 дугаар дүгнэлтийг үндэслэж, нэр бүхий 124 шашны байгууллагын улсын бүртгэлийг түдгэлзүүлжээ.
Мөн өдрийн 4737 дугаар дүгнэлтээр Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад хамрагдаж, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй, зөвшөөрлийн хугацаа дууссан, хүчингүй болсон үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхэлдэг нэр бүхий 230 хуулийн этгээд, 6728 үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгосон байна.
Түүнчлэн нэр бүхий 285 хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хоршоог Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад хамрагдаж, үйл ажиллагааны эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй, мөн зөвшөөрөл хүчингүй болсон учир бүртгэлийг хүчингүй болголоо гэж Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ.