Ази, Номхон далайн бүс нутгийн хуульчдын холбоо (LAWASIA) нь 2020-2021 онд сонгогдон ажиллах дэд ерөнхийлөгч болон гүйцэтгэх хорооны гишүүдийн сонгуулийг 2020 оны аравдугаар сарын 6-12-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулжээ.
Тус холбооны Гүйцэтгэх хорооны гишүүнд Австрали, Монгол, Хятад, Хонгконг, Энэтхэг, Япон, Солонгос, Малайз, Сингапур, Филиппин, Тайван, Америк зэрэг улс орны Барын холбооны тэргүүлэгч, төлөөлөгч нар нэр дэвшүүлэн өрсөлдсөн бөгөөд Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, хуульч Ж.Хунан тус хорооны гишүүнээр сонгогдсон байна.
Ази, Номхон далайн бүс нутгийн хуульчдын холбооны Гүйцэтгэх хороонд сонгогдсон гишүүд нь тухайн бүс нутгийн гишүүн байгууллага болоод Ази, Номхон далайн бүс нутгийн Хуульчдын холбоог холбож, "дуу хоолой" болоход томоохон туслалцаа үзүүлж, менежментийн дээд түвшний хүрээнд өөрсдийн харьяаллыг төлөөлдөг юм. Гүйцэтгэх хороо нь найман гишүүнээс бүрдэх бөгөөд хорооны гишүүд нь тус холбооноос зохион байгуулж буй хэлэлцүүлэг, форумд үндэснийхээ харьяаллыг төлөөлөх үүрэгтэйгээс гадна LAWASIA-ийн Удирдах зөвлөлийн үүргийг гүйцэтгэдэг байна. Түүнчлэн тус холбооноос хэрэгжүүлж буй үйл ажиллагаануудад зохион байгуулагчаар оролцох, илтгэх, даргалахын зэрэгцээ холбооны бодлого, үйл ажиллагаа, цаашдын чиглэлийг тодорхойлох зэрэг чухал чиг үүргүүдийг хэрэгжүүлдэг аж.