Энэ сарын 15-16-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт согтуу жолооч айлын гэр дайрч, тухайн айлын эхнэр нөхөр хоёр амь насаа алдаж, хоёр хүүхэд нь хүнд бэртсэн ноцтой хэрэг гарсан талаар бид мэдээлсэн билээ.
Хэргийг тодруулбал, тухайн шөнө “Приус-20” маркийн автомашины жолооч 24 настай, эрэгтэй Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон айлын гэр дайрч, гэрт байсан 15 настай, эрэгтэй Д, зургаан настай, эрэгтэй А-г хүнд гэмтээж, тэдний эцэг, эх болох 43 настай Г, О нарын амь насыг хөнөөсөн байна.
Бид уг хэргийн талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболдоос тодруулахад "Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд 24 настай эрэгтэй согтуугаар автомашин жолоодож айлын гэр мөргөөд, хэргийн газраас явганаар зугтаж байхад нь цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж баривчилсан. Цагдаагийнхан очиход тэрээр хэргийн газраас холдож амжаагүй байсан" хэмээн хэлсэн юм.
Сэжигтний хувьд тухайн нутгийн уугуул иргэн биш бөгөөд Хөлөнбуйр сумын Хэрлэн голд намрын цагт адуу хариулахаар очсон залуусын нэг байжээ. Тэрээр сонгуулийн өдрүүдэд архи зарахыг хориглосон байтал хаанаас согтууруулах ундаа худалдан авч хэрэглэсэн нь одоогоор тогтоогдоогүй байгаа аж. Харин талийгаачдын хувьд замын ойролцоо амьдардаг, гэр нь хашаагүй байсан гэх мэдээллийг сумын удирдлагууд өгч байгаа юм. Одоогоор тус хэргийг шалгаж байгаа бөгөөд хүнд бэртсэн хүүхдүүдийг даруй аймгийн төвийн эмнэлэгт хүргэжээ.