Аймаг, дүүргийн ИТХ-ын сонгууль өчигдөр явагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн сонгуульд МАН Нийслэлийн ИТХ-д үнэмлэхгүй ялалт байгуулж, ирж 4 жил Улаанбаатар хотыг дахин удирдахаар болоод байна. Харин АН чамлахааргүй амжилт үзүүлж, нэг дүүрэг, 10 аймагт ялалт байгуулаад байгаа урьдчилсан мэдээлэл байгаа юм.
Тухайлбал, Увс аймгийн ИТХ-ын сонгуульд АН ялалт байгуулж олонх болсон гэх мэдээлэл байгаа юм. Тэгвэл өнгөрөгч шөнө санал хураалтыг нэгтгэх явцад сонгуулийн үр дүн АН 18 суудал, МАН 17 суудал, харин бие даагчид 6 суудал авчээ.
Улмаар аль нам нь Увс аймагт засаглах вэ гэдгийг зургаан бие даагчид шийдвэрлэх болоод байна. Тодруулбал, АН-ын хамтрах саналыг бие даагчид хүлээж авахгүй, МАН-тай хамтарсан тохиолдол тус аймагт МАН дахин засаглах юм. Учир нь тус аймагт аль нэг нам 21 суудал авсан тохиолдолд дангаараа засаглах боломж бүрдэх ёстой байсан.
Сонирхуулахад, эдгээр бие даагчдыг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн дэвшүүлсэн гэж буй. Учир нь орон нутгийн сонгуульд 10 гаруй хүнийг санхүүжүүлж, бие даалган нэр дэвшүүлж байгаа гэж Увс аймгийн МАН-ын хорооноос үзэж, энэ тухай гомдлоо МАН-ын удирдах зөвлөл, Хяналтын хороонд гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Мөн тэд Б.Чойжилсүрэнд хаягласан шаардлагадаа: “Увс аймгийн МАН дүрмийн дагуу намын анхан шатны байгууллагууд гишүүдээрээ хэлэлцүүлэн аймгийн ИТХ-ын сонгуульд 41 нэр дэвшигчдээ тодруулан ажиллаж байна. Таны зохион байгуулж санхүүжүүлж бие даалган өрсөлдүүлж байгаа 10 гаруй нэр дэвшигч /МАН-ын гишүүн/ нь тухайн тойрог бүр дээрээ намаас нэр дэвшигчдийн саналыг хувааж улмаар ялагдалд хүргэх ноцтой, хортой үр дагаварт хүрэх нөхцөл бүрдээд байна.
Эдгээр бие даан нэр дэвшсэн 10 гаруй намын гишүүн нь МАН-ын дүрмийн 6.5.1 дэх заалтыг зөрчиж байгаа тул намын дүрмийн дагуу намаас гарсанд тооцож байна.
Таны энэ үйлдэл нь намын дотоод эв нэгдлийг алдагдуулж, гишүүд дэмжигчдийн итгэл үнэмшил урам зоригийг мохоож байгаад Увс аймгийн МАН-ын гишүүд гүнээ харамсаж байна. 2008 оноос хойш Хурд компанийн захирал Д.Цогтоо, П.Нямдаваа нар Увс аймгийн 2020 оны ИТХ-д бие даан нэр дэвшигчдийг дэмжин ажиллаж байна. П.Нямдаваа төрсөн эгч П.Алтанчимэгийг 16 дугаар тойрогт, хүргэн ах МАН-ын гишүүн Ч.Батцэндийг 8 дугаар тойрогт нэр дэвшүүлж мөн бусад тойрогт 10 гаруй МАН-ын гишүүн, бие даагч нарыг дэмжиж санхүүжүүлж ажиллаж байна.
Иймд таныг МАН-ын үндсэн дүрмийн 4.4 дэх заалтыг зөрчсөн гэж үзэн хариуцлага тооцуулахаар МАН-ын Удирдах зөвлөл, Хяналтын хороонд хандсан гэдгийг үүгээр мэдэгдэж байна. Мөн энэ үйлдлээ зогсоохгүй бол Увс аймгийн МАН-ын нийт гишүүдэд энэ тухай мэдэгдэж УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах хүртэл тэмцэл өрнүүлэхээ мэдэгдье” гэсэн байдаг.