Б.Баатархүү: Нэр дэвшигчийг найз нь автомашинаар мөргөж, амь насыг нь хохироосон

2020-10-15 17:07

Б.Баатархүү: Нэр дэвшигчийг найз нь автомашинаар мөргөж, амь насыг нь хохироосон

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ-ийн сонгуульд нэр дэвшигчид нэгнийхээ аминд хүрлээ гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ. Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө.

ТЭРЭЭР:

“ХМХ-ээр нэр дэвшигчид бие биенийхээ амь насанд халдлаа гэсэн ташаа мэдээлэл гарч байна. Энэ бол худал мэдээлэл. Бодит үйл явдлын тухайд энэ сарын 14-ний өдрийн 15:10 цагт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагдаагийн хэлтэст автомашинаар хүн мөргөж амийг нь хохироолоо гэх дуудлага ирсэн. Уг мэдээллийн дагуу сумын цагдаагийн хэлтсээс очиж, шалгалт хийхэд 40 настай Б гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, ухрах үйлдэл хийхдээ М-ийг мөргөж амь насыг нь хохироосон байсан.

Хохирогчийн хувьд орон нутгийн сонгуульд бие даан нэр дэвшигч байсан бол тухайн хэрэгт холбогдуулан шалгагдаж байгаа Б нь хохирогчтой найз нөхдийн холбоотой, сонгуулийн сурталчилгаанд нь ажиллаж байсан гэх урьдчилсан мэдээлэл байна.

Тиймээс ямар нэг байдлаар маргаан үүсэж, бие биенийхээ амь насанд халдсан зүйл байхгүй. Хэрэг гарсны дараа Б гэгч нь найз руугаа утасдаж уг золгүй явдлын талаар мэдээлэхэд тухайн найз нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Одоогоор санаатай, санамсаргүй эсэх нь тогтоогдоогүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад эцсийн байдлаар тогтоогдоно” гэлээ.

Тэгвэл сэтгүүлч Н.Өнөрцэцэг энэ талаар "Монголын цагдаа юу болчихсон юм бэ? Нэг намын хэлтэс болчихсон юм уу? Хүний аминд хүрсэн Э.Болдбаатар чинь МАН-аас сонгогдсон сумын хурлын төлөөлөгч биздээ гэхээр мэдэхгүй хувиараа хөдөлмөр эрхлэгч ч гэх шиг. Та нар сэтгүүлчдийг мал гэж боддог юм уу, яагаад ийм муухай юм бэ! Та нар улс төржихөөр наад байгууллага чинь юу болох юм бэ, иргэд бид хэндээ итгэх юм бэ" гэжээ. 

2020-10-15 16:35

Цогтцэций сумын ИТХ-ийн сонгуульд нэр дэвшигчид нэгнийхээ аминд хүрсэн үү

Есдүгээр сарын 30 ны өдөр эхэлсэн Орон нутгийн сонгууль /ОНС/-д нэр дэвшигчдийн сонгуулийн сурвалчилгаа энэ сарын 13 ны өдөр дуусаж, өнөөдөр санал хураалт болж байна. 

Тэгвэл Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ-ийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч н.Болбаатар гэгч өчигдөр /2020.10.14/ архидан согтуурч, тус суманд бие даан нэр дэвшиж байсан, М-ийг автомашинаараа дайрч амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй хэрэг гарчээ.

Тодруулбал, сэжигтэн н.Болбаатар нь тухайн өдөр дөрвүүлээ архи уусан бөгөөд автомашинаар ухрах үйлдэл хийх үедээ хохирогчийг арын хашаатай нь хавсарч мөргөсөн  гэх албан бус мэдээлэл байна.

Одоогоор Өмнөговь аймаг дахь цагдаагийн хэлтсээс тус хэргийг шалгаж байна.




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө