Өчигдөр орой /2020.10.14/ Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах Шангри-Ла зочид буудалд дуут дохио дуугарч, тус газарт үйлчлүүлж байсан иргэдийг аваарын шат ашиглан яаралтай барилгаас гарахыг анхааруулсан билээ.
Тухайн үед юу болсон талаар Шангри-Ла төвөөс албан ёсны мэдэгдэл хийгээгүй ч, иргэдийн зүгээс гал гарсан байж болзошгүй гэсэн таамаглал дэвшүүлээд байсан юм.
Тэгвэл өчигдрийн үйл явдал Шангри-Ла зочид буудлын гэнэтийн ослын сургуулилт байсан бөгөөд уг “шалгалтад” иргэд бүдэрчээ.
Учир нь галын дохиолол дуугарч, яаралтай барилгаас гарахыг анхааруулах үед ихэнх хүмүүс B1, B2 давхрын автозогсоол руу гүйж, машиндаа суугаад өөрсдийгөө түгжирэлд оруулжээ. Тэдгээр хүмүүсийн дунд хүүхдээ хөтөлсөн хүн хүртэл байсан хэмээн тухайн үед Шангри-Ла зочид буудлаар үйлчлүүлж байсан хүмүүс баталсан юм. Тиймээс иргэд энэ мэт онцгой нөхцөл байдал үүссэн үед нэн түрүүнд тухайн барилгаас гарч, өөрсдийн аюулгүй байдлыг хангахыг уриалж байна.