Г.Занданшатарын захирамжийн дагуу Ж.Бямбадоржид 50 гаруй сая төгрөгийг тэтгэмж олгожээ

Г.Занданшатарын захирамжийн дагуу Ж.Бямбадоржид 50 гаруй сая төгрөгийг тэтгэмж олгожээ

Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/ бол улсын төсвөөс санхүүждэг байгууллага. Хүний эрхийн төлөө гэхээсээ илүүтэй улс төрчдийн тэтгэвэртээ гарахдаа бэлдэж, олны нүднээс далд, чих амар хэдэн жил болгодог газар гэхэд болно.

Тодруулбал, ХЭҮК-ийн дарга асан Ж.Бямбадоржийг “Монголд хүний эрхийг хамгаалж чадахгүй байна” гэж олон жил шүүмжилсэн. Гэтэл энэ олон жилийн турш шүүмжлүүлсэн тэрээр энэ оны дөрөвдүгээр сард гэнэт л ажлаа өгөх болсноо мэдэгдсэн. 

Учир нь тэрээр тухайн үед “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаатай утсаар ярихдаа “зүй бус үг хэллэг” хэрэглэсэн нь олны шүүмжлэл өртсөн юм. Тэрбээр энэ тухайгаа Г.Загдаагийн асран хамгаалдаг иргэдийг “гөлөг” хэмээн хэлж, энхрийлсэн, егөөдсөн утгаар хэлсэн гэж тайлбарласан байдаг. Харин энэхүү үйл явдлын дараа УИХ-ын дарга Г.Занданшатар Ж.Бямбадоржийг өрөөндөө дуудаж, ХЭҮК-ийн даргын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өг гэж шахсан байж болзошгүй гэх мэдээлэл гарсан юм. Учир нь тэрээр тус өргөдлөө УИХ-ын дарга Г.Занданшатар хаягласан байдаг. 

-УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ЗАХИРАМЖИЙН ДАГУУ ТҮҮНД НЭГ УДААГИЙН ТЭТГЭМЖ ОЛГОЖЭЭ-

Тэгвэл тэрээр “Тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж”-дээ улсаас 52 сая гаруй төгрөг авсан байна. Тус мөнгө түүнд энэ оны тавдугаар сарын 14-ны өдөр олгогджээ. Учир нь энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, зохих байгууллагад үүрэг чиглэл өгсөн байна. Тус захирамжид, Ж.Бямбадоржийн өөрийнх нь хүсэлтийг үндэслэн ХЭҮК-ын дарга, гишүүний үүрэгт ажлаас чөлөөлсөн тул түүнд 36 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж, мөн эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаанаар түүнд тэтгэмж олгох асуудлыг ХЭҮК-ын төсвийн хүрээнд холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг зөвлөсүгэй гэжээ. Товчхондоо тэрээр түүнээс ажлыг нь аваад, 50 гаруй сая төгрөгийн тэтгэмж үзүүлсэн үү гэх хардлагыг төрүүлж байна. 

ХЭҮК-ын шилэн данс

УИХ-ын даргын захирамж

-Ж.БЯМБАДОРЖ ГЭЖ ХЭН БЭ-

Тэрээр Ховд аймгийн Дарви суманд төрсөн. Эхнэр, нэг хүүхдийн хамт амьдардаг. Оросын холбооны улсын Москва хотын улсын их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн, эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны доктор. Тэрбээр 1992-1996, 1996-2000, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга, 2004-2010 онд Үндсэн хуулийн цэцийн дарга, 2010 оноос хойш Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, даргаар ажиллаж байжээ.