Лхагва гаригт болсон “тэг зогсолт”-ын үеэр өмнө нь болж байгаагүй их буюу 340 осол гарчээ

Лхагва гаригт болсон “тэг зогсолт”-ын үеэр өмнө нь болж байгаагүй их буюу 340 осол гарчээ

Энэ долоо хоногийн лхагва гаригт болсон цаг агаарын үзэгдлийн улмаас Улаанбаатар хотод ихээхэн хэмжээний түгжрэл үүсч , иргэдийн бухимдлыг төрүүлсэн билээ. Энэ үеэр автомашинууд 2-4 цагийн турш байрнаасаа хөдлөлгүй “тэг зогсолт” хийсэн юм. Харин энэхүү “тэг зогсолт”-ын үеэр Улаанбаатар хотод урьд өмнө нь болж байгаагүй их осол гарчээ.

Энэ талаар Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулал, инженерчлэлийн газрын Олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Д.Чинзориг “Өдрийн сонин”-нд өгсөн ярилцлагадаа “Нийслэлийн замын хөдөлгөөнд 550 мянга орчим тээврийн хэрэгсэл зорчиж байна. Энгийн өдрүүдэд 280 орчим ослын тохиолдол бүртгэгддэг. Гэтэл лхагва гаригт 340 зам тээврийн осол гарсан. Ерөөс дүрэм зөрчиж урсгал сөрдөг, нэгнийхээ урдуур дайрч ордог, хүлээцгүй ханддаг асуудлаас болоод зам тээврийн жижиг гэлтгүй ослууд гарч байна.

Нийслэлийн хэмжээнд түгжрэлгүй явъя гэж бодвол 312 мянган автомашин байх хэрэгтэй гэсэн судалгаа бий. Ингэснээр 35-40 км цагийн хурдтай түгжрэлгүй явж чадна. Мөн иргэдийн зөв зохистой хэрэглээ их чухал. Жишээ нь 20 минут яваад хүрэх газарт алхах, дугуй унах эсвэл автобусаар зорчих нь одоогийн байдлаар түгжрэлийг сааруулах гарц болно” гэж дурджээ.