Налайхын уурхайд булуулсан талийгаач С-ийн хэрэгт багын найз Ц.Пүрэвдорж, Б.Батдорж нарыг шалгаж байна

Налайхын уурхайд булуулсан талийгаач С-ийн хэрэгт багын найз Ц.Пүрэвдорж, Б.Батдорж нарыг шалгаж байна

Одоогоос гурван жилийн өмнө Налайх дүүргийн III хороонд амьдардаг байсан 19 настай, эрэгтэй С-ийн амийг хөнөөж, цогцсыг нь тус дүүргийн уурхайд булсан байсныг өнгөрсөн баасан гарагт илрүүлсэн билээ. Амь хохирогч С-ийг хөнөөсөн хэрэгт түүний найз Ц.Пүрэвдорж, Б.Батдорж нарыг саатуулан шалгаж эхэлсэн аж. Тодруулбал, тус хэргийг үйлдсэн дээрх хоёр этгээд хэргээ хүлээсэн гэх мэдээлэл байна. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар сэжигтнүүд С-тэй багын найзууд байжээ. Тэд өнгөрсөн гурван жилийн хугацаанд талийгаачийн аавтай хэд хэдэн уулзаж, гэрээр нь орж гарч байсан ч шарилыг олох хүртэл ийм хэрэг хийснээ хэлээгүй аж.

Энэ сарын 24-ны өдөр  цагдаагийн байгууллагаас Онцгой байдлын газарт тухайн иргэний цогцсыг уурхайн гүнээс гаргаж өгөх хүсэлт тавьсны дагуу Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн алба хаагчид 5 км замыг туулан 16:32 цагт очиж, 2 м3 шороог зайлуулан, 80 градусын налуутай, 71 метрийн гүнтэй малталтаас тухайн иргэн С-ын цогцсыг тус өдрийн 19:06 цагт гаргаж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, нийслэлийн Цагдаагийн газар, дүүргийн Прокурорын байгууллагаас ирсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.