Ж.Эрдэнэбат өөрт нь оногдуулсан зургаан жилийн ялыг эсэргүүцэж, нээлттэй мэтгэлцэхийг хүслээ

Ж.Эрдэнэбат өөрт нь оногдуулсан зургаан жилийн ялыг эсэргүүцэж, нээлттэй мэтгэлцэхийг хүслээ

Энэ сарын 16-нд давж заалдах шатны шүүхээс УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад оноосон зургаан жилийн хорих ял оноох шийдвэрийг хэвээр үлдээсэн билээ. Тэрбээр уг шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм. Уг давж заалдах шатны шүүх хуралд тэрбээр онлайнаар оролцсон бөгөөд  дараах үгийг шүүгч нарт хандаж хэлсэн байна.

Түүний хэлсэн үгийг товчлон хүргэвэл,

Хэрэв эрхэм шүүгч нар та бүхэн намайг цагаатгаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр гаргавал та бүхний гаргасан шийдвэр зөв байсан юм байна гэдгийг би нотолж, 15 хавтаст хэргийн материалаар нотлогдсон гэж үзээд байгаа шүүгч, прокурор нартай хэвлэл мэдээллийн өмнө нээлттэйгээр мэтгэлцэж, гэм буруугүй гэдгээ нотолж чадна гэдгээ харин нүүр бардам хэлэх байна. “Нээлттэй мэтгэлцэх боломжийг олгож өгөөч” гэсэн хүсэлтийг би гаргаж байна.

Нэр хугарахаар яс хугар гэж үг бий. Миний хувьд УИХ-д МАН-аас Сэлэнгэ аймагтаа нэр дэвшиж, Сэлэнгэ түмнийхээ итгэлийг хүлээн хамгийн олон санал авч, УИХ-д сонгогдоод байгаа. Надад итгэл үзүүлсэн хамгийн олон санал өгсөн тэр хүмүүсийн итгэл сэтгэлийг би хөсөрдүүлэх ёсгүй. Мэдээж надад санал өгсөн хүн бүр бусадтай санал зөрөлдсөн, маргалдсан мэтгэлцсэн, миний талаар бусдад сурталчилсан гээд олон янзын учир шалтгаантай хүмүүс бий. Тэр хүмүүсийн сэтгэл санаа, өөрийн сонголтонд итгэл дүүрэн байх тэр боломжийг нь би улс төрч хүний хувьд бүрдүүлэх ёстой.

Эцэст нь хэлэхэд, намайг шүүх хуралд өмгөөлөгчгүйгээр оролцуулж, өмгөөлүүлэх эрхээр минь хангаагүй. Шударга шүүхээр шүүлгэхийн тулд шүүгчээс болон нийт шүүгчдээс татгалзах хүсэлт гаргасныг минь хүлээж аваагүй. Мөрдөн байцаалтын явцад болоод шүүх хуралдааны үеэр олон хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн зэрэг хуулийн зөрчлүүдийг миний өмгөөлөгч нар та бүхэнд хэлэх байх аа. Их олон хуулийн заалтуудыг ноцтой зөрчин, намайг буруутгах ямар ч нотлох баримт байхгүй байгаа зэргийг харгалзан анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/646 дугаартай шийтгэх тогтоолын миний биед холбогдох хэсгийг хүчингүй болгож намайг цагаатгаж өгөхийг хүсье” гэж ээ.