ХЭРГИЙН ГАЗАРТ: Охин хойд эцэгтээ зодуулж байх үед төрсөн ээж нь унтаж байсан уу

ХЭРГИЙН ГАЗАРТ: Охин хойд эцэгтээ зодуулж байх үед төрсөн ээж нь унтаж байсан уу

Өчигдөр нэгэн аймшигт хэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж, иргэдийг айдас, бухимдалд автуулсан билээ. Хүүхэд багачуудын инээд хөгжөөн, эрдмийн өргөөгөөр цууриатаж буй энэ үед ангийн нөхөдтэйгөө мөр зэрэгцэн суралцаж, тоглож наадаж явах балчир насандаа хойд эцгийн харгислал, зодуурыг даалгүй бурханы оронд одсон есөн настай бяцхан охины хэрэг нийгмийг бүхэлд нь цочроосон юм.

-ХОХИРОГЧ Э ГЭХ ОХИН ӨМНӨ НЬ ОЛОН УДАА ХОЙД ЭЦГИЙНХЭЭ ЗОДУУР, ХҮЧИРХИЙЛЛИЙН ЗОЛИОС БОЛЖ БАЙЖЭЭ-

Энэхүү аймшигт, зүрх өвтгөм хэрэг энэ сарын 20-ны үүрээр буюу өнгөрсөн ням гаригт гарсан. Тус өдөр хойд эцэг гэх 36 настай Б согтуурсан үедээ охиныг хэрцгийгээр зодож, амь насыг хөнөөсөн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм. Тэр өдөр “хүн нас барсан байна” гэх иргэдээс өгсөн дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгалтын ажиллагаа явуулахад 9 настай Э охин духандаа хөхөрсөн шархтайгаар нас барсан байсан бөгөөд хэргийн газраас “хараа” гэх архины шил болон пивоны лааз зэргийг хураан авсан байна. Бид энэхүү хэргийг газар дээрээс нь мэдээллэхээр тус хэрэг гарсан Баянзүрх дүүргийг зорьсон юм.

Энэхүү хэрэг нь Баянзүрх дүүргийн 23-р хороо, Улиастайн шинэ эцэст байрлах нэгэн тоот хашаанд болжээ. 9 настай Э гэх охин  хойд эцэг болох 36 настай Б, төрсөн ээж мөн 12 настай хөгжлийн бэрхшээлтэй эгч, хоёр настай дүүтэйгээ амьдардаг байжээ. Тэрээр нийслэлийн 87-р сургуульд сурдаг, цовоо сэргэлэн, хичээлдээ сайн хүүхэд байсан. Архангайд эмээ, өвөө дээрээ байж байгаад ирсэн талаар зарим эх сурвалжуудад дурдаж байв. Харин төрсөн ээж болох Б нь тогоочоор ажилладаг байсан ч бие давхар тул гэртээ байдаг, хойд эцэг гэх Б нь барилгын туслах хийдэг бол 12 настай эгч нь хөгжлийн бэрхшээлтэй тул ярьж ч чаддаггүй гэх мэдээлэл бий. Харин охины нарийвчилсан задлан шинжилгээний хариу маш ноцтой.

Тодруулбал, баруун талынх нь 4-5 хавирга нэлэнхүйдээ хугарч, бороолсон байдалтай, мөн 12 хуруу гэдэс няцарсан шархтай, бүдүүн гэдэсний урагдалттай, дотор эрхтэн нь маш ихээр гэмтсэн, хатуу зүйлээр цохиж, гэдэс нь цоорсон учраас доторх агууламж нь биед нь тархаж үрэвсэл үүсгэсний улмаас амиа алдсан байх боломжтой гэж дүгнэжээ. Мөн нүүр, духны хэсэгт хуучин зулгарч байсан сорви тогтсон байж. Үүнээс үзэхэд охин өмнө нь олон удаагийн зодуур, хүчирхийлэлд өртөж байсан гэдэг нь батлагдаж байгаа юм.

Бид хэрэг болсон гэх Э охины амьдарч байсан хашааг зорьж очиход эзгүй нам гүм байх бөгөөд байшингийх нь хажууд байх жижигхэн амбаарын хаалга салхинд онгойсон бололтой онгорхой байх ажээ. Мөн хашаанд нь барилгын ажилд хэрэглэгддэг цемент, блок зэрэг эд зүйлс ил задгай хэвтэнэ.

-ОХИНЫ ЭЭЖ ХЭРЭГ ГАРАХ ҮЕД ХАМТ БАЙСАН Ч ТООГООГҮЙ
ӨНГӨРҮҮЛСЭН БАЙХ МАГАДЛАЛТАЙ-

Бид эхлээд хорооны Засаг дарга Д.Энхтүвшинөөс тус гэр бүлийн талаар тодруулахад “Энэ айлын зүгээс өмнө нь манай хороонд хүчирхийллийн дуудлага ирүүлж байгаагүй. Баянзүрх дүүргийн 23-р хороонд үндсэн бүртгэлтэй боловч өмнө нь Шархад, Чулуун-Овоо зэрэг газруудад амьдарч байсан юм билээ. Харин энэ жилээс эндхийн албан ёсны хаяган дээрээ амьдарч эхэлсэн. Одоогоор тус хэрэг үйлдэгдсэн хашаа эзгүй байгаа. Цагдаа нар үзлэг хийгээд ээжийнх нь талын хүмүүст хүлээлгэж өгсөн. Харин ээж, дүү нар нь энэ хэргээс болж цочирдсон учир сэтгэл зүйн туслалцаа авч байгаа” гэж мэдээлсэн юм.

Харин амиа алдсан Э гэх охины ээж болох Б хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би нөхөртэйгөө 2016 онд танилцсан. Намайг гэртээ байх үед ийм зүйл гарч байгаагүй. Эзгүй хойгуур яадаг байсныг бол мэдэхгүй. Том охин маань хөгжлийн бэрхшээлтэй болохоор бараг юм ярьж чадахгүй. Эзгүй хойгуур охинд минь гар хүрч, гэмтээсэн тохиолдол нэг бус удаа бий. Намайг зодож цохих нь гайгүй. Хааяа нэг хэрүүл хийх нь хийдэг. Би одоо жирэмсэн ирэх арваннэгдүгээр сард төрнө. Уг нь би тэр өдөр гэртээ байсан. Сүүлийн үед даралт ихсээд байгаа болохоор тогтмол эмчилгээ хийлгэж, эмчийн хяналтад байгаа. Давхар шүд өвдсөн болохоор шөнө унтаж чадахгүй өдөр нь унтаж байсан. Уг нь байнга архи уугаад байдаг хүн биш. Хааяа л нэг тааруулж уудаг. Харин тэр өдөр архи уусан нь үнэн. Урд өдөр нь ч уусан байсан. Ийм юм болно гэж даанч мэдсэнгүй. Хэрэв мэдэж байсан бол юу гэж хайран сайхан охиноо ингэж алдах вэ дээ.Үнэн нь гарч ирж, хэрэг шийдэгдэх байлгүй. Буруутай үгүйг нь би хэлж мэдэхгүй байна” гэсэн байр суурийг илэрхийлж байсан юм.

Ээжийнх нь энэхүү мэдэгдлээс авч үзэхэд “тухайн хэрэг гарах өдөр охины төрсөн ээж гэртээ байсан ч унтаж байсан уу гэх асуулт урган гарч ирнэ. Харин шүүх эмнэлгийн шинжилгээнээс үзэхэд охин өмнө нь олон удаагийн зодуур авч байсан нь батлагдсан. Гэтэл төрсөн ээж болох Б нь эдгээр зүйлсийг хараагүй, сонсоогүй мэт өнгөрүүлж байсан гэж үү.

-“ЛАНТУУН ДОХИО” ТББ-ЫН ХАМТ ОЛОН ХҮЧИРХИЙЛЛИЙН
АСУУДАЛ ДЭЭР ЦАГДАА, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ НЯГТ
ХАМТАРЧ АЖИЛЛАХЫГ ХҮСДЭГ Ч ХҮССЭНЭЭР БОЛДОГГҮЙ ГЭВ-

Энэхүү хэрэг “Ид шидийн орон 2” гэх хүүхдийг хүчирхийллээс хамгаалах төрийн бус байгууллагатай маш ойрхон зайнд болжээ. Бид тус төвд очиж, “Лантуун дохио” ТББ-ын  хуулийн зөвлөх У.Ганбаяраас зарим зүйлийг тодруулсан юм. Тэрээр “Бид иймэрхүү асуудал дээр цагдаа болон, төрийн байгууллагатай нягт хамтран ажиллах хүсэлтэй. Гэвч бидний хамтын ажиллагаа тийм ч сайн харилцаанд хүрж чадахгүй байна. Гэр бүлийн хүчирхийллийн харилцаанд хөршийн байр суурь маш чухал байдаг. Тиймээс таны эргэн тойронд хүчирхийлэл гарч байвал заавал мэдэгдэж байх хэрэгтэй. Энэ асуудал дээр иргэн бүрийн оролцоо маш чухал. Манай байгууллагын зүгээс энэхүү гарсан харамсалтай хэрэг дээр анхаарлаа хандуулж, ахиж ийм хэрэг гаргахгүй байх талаар өөрсдийнхөө зүгээс бүх хүчээрээ анхаарч ажиллана” гэж мэдэгдсэн юм.

Манай улсад гэр бүлийн хүчирхийллээс үүдэн бага насны олон мянган хүүхэд цаг бусаар хорвоог орхисоор байна. Томчуудын хайхрамжгүй байдал, анхаарал болгоомжгүй зангаас болж гарч буй олон гэмт хэргүүдийн хохирогч нь зөвхөн хүүхэд л байдаг. Иргэн бүр гэр бүл төлөвлөлтийн талаар зохих хэмжээний мэдлэгтэй байж, хүчирхийлэл бүрийг цаг тухайд нь мэдээлж байхгүй бол ирээдүй болсон бяцхан үрсээ харсаар байж алдсаар байх уу..!