Австралийн "Рио Тинто" группийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак болон нэгжийн гурван захирал албан үүргээ хүлээлгэн өгч буй тухай мэдээллийг бид өмнө нь хүргэсэн. Үүнтэй холбоотойгоор Оюутолгой компанийн ТУЗ-д Монголын Засгийн газрыг төлөөлж буй Н.Багабанди, Ц.Түмэнцогт, Ц.Сүхбаатар нарыг чөлөөлнө гэх мэдээллийг өмнө нь хүргэсэн.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхийлөгч асан Н.Багабанди, "Эрдэнэс-Оюутолгой" компанийн захирал Ц.Түмэнцогт нарыг чөлөөлж, шинээр хоёр гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгож, томилох юм байна.
Шинээр сонгох ТУЗ-ын гишүүнд дараах нийтлэг болон тусгай шаардлагуудыг тавих аж.
- Мэргэжлийн ёс зүйтэй, шударга ёсыг эрхэмлэдэг, бусдын нөлөөнөөс ангид, харьцуулсан дүн шинжилгээ хийж, бие даасан шийдвэр гаргах чадвартай.
- Шүүхээс ял шийтгэл авч байгаагүй.
- “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын баг, нэгдмэл сонирхолтой этгээдтэй төрөл садангийн холбоогүй.
- “Оюу Толгой” ХХК-тай нэгдмэл сонирхолтой болон үйл ажиллагаанд оролцогч талууд (хувьцаа эзэмшигчид, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагсад гэх мэт)-ын ашиг сонирхлыг төлөөлдөггүй, бизнесийн аливаа холбоогүй.
- Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй.
- Англи хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэг, ур чадвартай.
Төрийн төлөөллийг хэрэгжүүлэх геологи, уул уурхайн чиглэлээр мэргэшсэн нэр дэвшигчид тавигдахшаардлага:
- Геологи, уул уурхайн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистрын зэрэг хамгаалсан.
- Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил тогтвортой ажилласан туршлагатай.
- Уул уурхайн томоохон төслүүдтэй холбогдуулж геологийн судалгааны ажлын тайлан, ашигт малтмалын ордыг ашиглах болон баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж байсан туршлагатай.
- Зэс, алтны ордод ажилласан туршлагатай, уул уурхайн төслийн хөрөнгө оруулалт, зардлын хяналтыг хэрэгжүүлэх туршлагатай бол давуу тал болно.
- “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээр ажиллах хугацаандаа өөр ажил, албан тушаал эрхлэхгүй.
Төрийн төлөөллийг хэрэгжүүлэх санхүүгийн чиглэлээр мэргэшсэн нэр дэвшигчид тавигдах шаардлага:
- Эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, болон санхүүгийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистрын зэрэг хамгаалсан.
- Төрийн өмчит болон хувийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн санхүүгийн албаны удирдах албан тушаалд ажиллаж байсан.
- Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчийн эрхтэй бол давуу тал болно.
- АССА (Association of Chartered Certified Accountants), CFA (Chartered Financial AnalystProgram), CPA (Certified Public Accountant) гэх мэт олон улсын мэргэжлийн эрх авсан бол давуу тал болно.
- “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээр ажиллах хугацаандаа өөр ажил, албан тушаал эрхлэхгүй.