“Тэргүүн уулын төлөө” ТББ-ын тэргүүн Г.Алтанцэцэг “Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”-тэй хамтран “Эс Жи Групп” компанид олгосон ашигт малтмалын лиценз олголтыг эргэж харахыг төр засгийнхнаас хүслээ.
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дахь Алтай таван богд уулын салбар Тэргүүн уулын бэлд “Эс Жи Групп” компани 2003.63 га талбайг ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар болсон аж. Тус лиценз бүхий газарт Ногоон дарь эхийн хад, Сүүн гол, Шар гол зэрэг өвөрмөц тогтоцтой газар, эртний булш, бунхан зэрэг багтаж буй нь ийнхүү хөдөлгөөн өрнүүлэхэд хүргэжээ. Харин “Эс Жи Групп” компанийнхан хууль, журмын дагуу тухайн лиценцийг авсан гэдэг аж.
Г.Алтанцэцэг “Монголчууд гэлтгүй дэлхийд танигдсан Төрийн тахилгат Алтай таван богд уулыг ухаж байна. Энэ бол ёс зүйгүй хэрэг. Нутгийн уугуул иргэд үүнийг эсэргүүцэж байгаа. “Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”-ийхөн биднийг дэмжсэн. Иймээс “Эс Жи Групп” компанид 2018 оны зургадугаар сарын 5-ны өдөр олгосон MV-021083 тоот лицензийг эргэж харахыг эрх бүхий байгууллага, төр засгийнхнаас хүсэж байна” гэлээ.