Сүүлийн өдрүүдэд бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөх, цаашлаад эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол гарсаар байна.
Тухайлбал, саяхан Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн “Талын толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 50 км-т, сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ Эрдэнэт хотоос Баян-Өлгий аймгийн чиглэлд зорчиж явсан Баян-Өлгий аймгийн харьяат иргэн Х-ын “Аксент” загварын суудлын автомашин /4 зорчигчтой/ онхолдсон тухай дуудлагыг өчигдөр /2020.09.09/ 09:19 цагт Онцгой байдлын албан хаагчид хүлээн авсан. Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 30 км замыг туулан 09:54 цагт очиход 3 настай эмэгтэй А ослын улмаас нас барсан байсан тул цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн бол, иргэн Ж /28 настай, эмэгтэй/, Х/24 настай, эрэгтэй/, Б /22 настай, эрэгтэй/, Н /2 настай, эмэгтэй/ нарыг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Иймд иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг нийтэлсэн болно.