НМХГ: Баянзүрх, Сонгинохайрхан зэрэг дүүргийн зарим хороодыг түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон

НМХГ: Баянзүрх, Сонгинохайрхан зэрэг дүүргийн зарим хороодыг түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас агаар бохирдуулагч эх үүсвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын дүнг өнөөдөр \2020.09.04\ мэдээллээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил “Агаарын чанарыг сайжруулах 154 хорооны 99 хороо нь гэр хороолол байдаг.  Нийслэлийн хэмжээнд таван хороо түүхий нүүрсийг хориглох бүсэд ороогүй байсныг Засгийн газрын 189 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Хан- Уул дүүргийн 12,13,14 дүгээр хороодыг түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон бүсэд оруулж,  2020-2021 оны өвөл тус таван хорооны иргэд, ААН-үүд сайжруулсан шахмал түлш хэрэглэх шинэ хэрэглэгчид болж байгаа юм. Иймд тус хороодод холбогдох сургалтуудыг явуулсан” хэмээн мэдээллэв.

Мөн НМХГ-ын агаарын чанарын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч н.Бат-очир “НМХГ-аас агаар бохирдуулагч эх үүсвэрүүдэд тогтмол хяналт шалгалтыг хийж гүйцэтгэдэг.  Агаарын бохирдлыг бохирдуулагч нэг эх үүсвэр нь авто тээврийн хэрэгсэл. Тэр дундаа дизель хөдөлгүүртэй машины тээврийн хэрэгсэл нь өндөр хувийг эзэлдэг.

Иймд энэ жил ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг 17 ААН-ийн 281 дизель хөдөлгүүртэй ачаа тээврийн хүргэлтийн машинуудад тортогжилтийн хэмжээнд MNS50142009 стандартын дагуу хэмжилт хийсэн. Шалгалтаар 70 хувь нь утааны тогтворжилтын хэмжээ нь стандартын шаардлага хангаагүй үзүүлэлттэй гарсан” гэж хэлсэн юм.