Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдад төрийн одон, медаль хүртээлээ

Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдад төрийн одон, медаль хүртээлээ

Өнөөдөр тохиож буй Чөлөөлөх дайны ялалтын түүхт 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, ахмад дайчдыг төрийн одон, медалиар шагналаа.

Чөлөөлөх дайнд оролцсон Монгол Ардын Хувьсгалт цэргээс 94-103 насны 78 хүн өдгөө энх тунх амьдарч байна. Эдгээр дайчдын төлөөлөл болгож зарим ахмад дайчинд төрийн одон, медаль гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Офицеруудын ордонд боллоо. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гардуулав.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт:

“…Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн халдашгүй дархан байдлыг амь биеэ үл хайрлан батлан хамгаалж, эх орон, төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, залуу хойч үеийнхээ өмнө гарамгай гавьяа байгуулсан дараах ахмад дайчдыг төрийн дээд одон медалиар шагнасугай” гэжээ.

ТӨРИЙН ОДОН, МЕДАЛИАР ӨНӨӨДӨР ШАГНУУЛСАН АХМАД ДАЙЧИД:

  • Сүхбаатарын одонгоор Эрэнцэнгийн Лувсанбалданг,
  • Цэргийн гавьяаны Улаан тугийн одонгоор Гончигийн Батмөнхийг,
  • Цэргийн гавьяаны одонгоор Тогтохын Цэдэндамба, Цэрэнхандын Даш, Шаравын Аварзэд, Дугаржавын Жигмэд, Доржийн Дашхүү, Чойжилын Лувсандорж, Сангидоржийн Ванчигдоо нарыг,
  • Алтан гадас одонгоор Паньдлхүндэвийн Дашцэдэн, Сүвээлийн Дуламсүрэн, Дайнд оролцогчдын Монголын хорооны нарийн бичгийн дарга Готовын Лүндэн нарыг,
  • Цэргийн хүндэт медалиар Шагдарын Цэдэндамба, Тогоочийн Лувсан, Галсанрэнцэнгийн Цэрэнлхам нарыг тус тус шагнасан юм.