Монголын хоёр албан тушаалтны буруугаас ОХУ-ын иргэн манай улсад нас барсан уу

Монголын хоёр албан тушаалтны буруугаас ОХУ-ын иргэн манай улсад нас барсан уу

Манай улсад амьдарч байгаад өнгөрсөн долдугаар сарын сүүлчээр нас барсан ОХУ-ын иргэний гэр бүлийнхэн Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдад хандаж гомдол гаргажээ.

Үүнтэй холбоотойгоор ОХУ-аас манай улсад суугаа ЭСЯ-наас Хууль зүй, дотоод хэргийн сайдаас тодруулах болжээ.

Учир нь Гадаадын иргэн харьяатын газрын алба хаагчид хүний эрх зөрчсөн, албан тушаалаараа гадаадын иргэнийг далайлгасан гэх үйлдэлтэй холбоотой талаар Өнөөдөр сонин мэдээлжээ.

Тус мэдээлэлд, “Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ)-ын хяналт шалгалтын улсын байцаагч, Хяналт шалгалтын газрын дарга Б нар хүний эрх зөрчиж, хуулийн заалтыг хэтрүүлсэн нь ийм гомдол гаргах үндэслэл болжээ. ОХУ-ын амиа алдсан иргэн нь манай улсад түр оршин суух визийн хугацаагаа хэтрүүлсэн байжээ. Үүнд нь ГИХГ-ын Хяналт, шалгалтын газрынхан Зөрчлийн тухай хуулийн 16.2-3.3-т заасан “Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад визийн хугацааг хэтрүүлсэн бол хоног тутам арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан торгох шийтгэлийн дээд хэмжээ нь хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс хэтрэхгүй байна” гэж заасныг үндэслэн хоёр сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан аж. Гэвч тэрбээр уг шийтгэлийг төлөөгүй учраас дээрх хоёр албан тушаалтан нэг сар буюу 30 хоногийн хугацаагаар баривчлах шийдвэр гарган энэ оны зургадугаар сарын 20-нд ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр ангид хүргэжээ. Уг нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дахь хэсэгт “Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах” гэсэн заалт бий бөгөөд түүнд нь хорьж саатуулах тухай байхгүй юм. Тиймээс тэд албаны эрх мэдлээ хэтрүүлэн орос иргэнийг хорьсон байж болзошгүй байна. Түүнийг саатуулахын өмнө эрүүл мэнд нь муу, уушгиндаа хатгалгаатай байсан гэдгийг ар гэрийнхэн нь хэлсэн юм билээ.

Ингээд албадан саатуулж байтал ГИХГ-ын дээрх хоёр албан тушаалтан болон холбогдох удирдлага, албадан саатуулах тушаал гаргасан Хяналт шалгалтын газрын дарга Б-д хандан хорих ангийнхан хуулийн дагуу “Саатуулсан хүний эрүүл мэнд муу байгаа учраас ирж ав” хэмээн мэдэгдэж, долдугаар сарын 10-даар хүлээлгэн өгчээ. Түүнийг хүлээн авсан ГИХГ-ын ажилтнууд бичиг баримтыг нь ч өгөлгүй “Гэр рүүгээ яв” гээд гудамжинд буулгаад орхисон тухай ар гэрийнхэн нь гомдолдоо дурдсан аж. Ямар ч бичиг баримтгүй хоцорсон ОХУ-ын иргэн энэ хооронд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч чадахгүй бөгөөд Хан-Уул дүүрэг дэх түр оршин сууж байсан гэртээ очоод долоо хоногийн дараа нас барсан гэнэ. Уг нь хууль, журмаараа бол ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгөх ёстой атал ГИХГ-ын ажилтнууд гудамжинд орхисон нь хачирхалтай. Түүгээр ч зогсохгүй ар гэрийнхэн нь Хууль зүй, дотоод хэргийн сайдад гаргасан гомдолдоо “ГИХГ-ын нэр дурдсан албан тушаалтнууд, тэр дундаа улсын байцаагч Э харилцааны доголдолтой, элдвээр харааж, доромжилж байгаад тухайн иргэнийг саатуулахаар авч явсан” талаар дурдсан гэнэ” хэмээжээ.