“Хуушуур зарах зөвшөөрөл 15-20 мянган төгрөг байна”

“Хуушуур зарах зөвшөөрөл 15-20 мянган төгрөг байна”

Өнөөдөр /2019.07.03/ Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Хүнс худалдаалах үйлчилгээний хэлтэс, НМХГ, НОБГ-аас Үндэсний их баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн талаар мэдээлэл хийлээ. 

Үндэсний баяр наадмын өдрүүдэд онцгой байдлын алба хаагчид 2019 оны долдугаар сарын 9-15-нд “Төв цэнгэлдэх хүрээлэн”, “Хүй долоон худаг”, “Сүхбаатарын талбай”-д өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах тухай мэдээллэв. Ингэхдээ хяналт шалгалтын ажлыг 9-10-нд зохион байгуулж, 11-13-нд эргүүлийн ажил хийгдэх аж. Хүй долоо худагт галын аюулгүй байдлыг шалгаж, зөрчил илэрвэл газар дээр нь арилгах арга хэмжээг авч ажиллах юм байна.

-160 ЦЭГТ ХУУШУУР БУЮУ ХООЛНЫ ЗОРИУЛАЛТААР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛНА-

Энэ талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан хэлэхдээ, “НОБГ-аас 16 анги салбарын 130 албан хаагч анги, салбар дээрээ 24 цагаар бэлэн байдалд үүргээ гүйцэтгэж ажиллана.  Мөн 8 ангийн 111 албан хаагч эргүүл хийх бол 55 албан хаагч Туул голын сав газраар завьтай болон автомашинтай эргүүл хийх юм. Усны эргүүлийг мөн 24 цаг хийнэ” гэлээ.

Мөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш хэлэхдээ, “Баяр наадмын үеэр 400 орчим байцаагч байнгын хяналт шалгалт хийж ажиллана. Энэ баяр наадмаар нийтдээ 610 худалдаа үйлчилгээ эрхлэгчид зөвшөөрөл өгсөн. Мал эмнэлгийн лаборатори болон НМХГ-ын Төв лабораториос шалгалтын үеэр явуулын лаборатори ажиллан сэжигтэй бүтээгдэхүүнээс дээж авч шинчилж шалгана. Өгсөн зөвлөмжийнхөө дагуу аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавина” гэсэн юм.

Төв цэнгэлдэх хүрээлэнд 400 цэгт хоол болон худалдаа үйлчилгээ газрууд ажиллана. Үүнд дүүргүүдэд хоолны үйлчилгээ тогтмол эрхэлдэг ААН-үүдэд зөвшөөрөл олгосон. 6-р сарын 18-аас 29-нийг хүртэл хүсэлтийг хүлээж аваад сонгон шалгаруулалтыг хийсэн. Хүй долоон худагт 310 цэгээр худалдаа үйлчилгээ явагдана. Үүнээс 160 цэгт нь хуушуур буюу хоолны зориулалтаар үйл ажиллагаа явуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хуушуур зарах зөвшөөрөл 20 мянган төгрөг, Хүй долоон худгийн зөвшөөрөл 15 мянган төгрөгийн үнэтэй байсан.

-НИЙТИЙН ТЭЭВРИЙН 93 ЧИГЛЭЛД 612 АВТОБУС ҮЙЛЧИЛНЭ -

Баяр наадмын үеэр үндсэн чиглэл болоод хот орчмын 93 чиглэлд 612 автобус үйлчилнэ. Туслах шугамаар дөрвөн чиглэлд 10 их багтаамжийн автобус, зуслангийн гурван чиглэлд таван их багтаамжийн автобус, шөнийн тээврийн гурван чиглэлд 10 их багтаамжийн автобус үйл ажиллагаа явуулна. Нийт нийтийн тээврийн үйлчилгээнд 637 автобус дээр нэмээд 606 такси ажиллана.

Богино эргэлтийн гурван чиглэлд буюу Дүнжингарав худалдааны төв, Мишээл худалдааны төв, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн чиглэлд 20 автобус гурван минут тутамд үнэ төлбөргүй үйлчилнэ. Рейлбусны зарим чиглэл мөн үнэ төлбөргүй, өглөө долоон цагаас орой 20 цаг хүртэл үйлчилнэ. Дүнжингарав худалдааны төв рүү 22 чиглэлийн 132 автобус явна.