Баяр наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ.
Баяраар нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 93 чиглэлд их багтаамжийн 612, туслах 4 чиглэлд бага багтаамжийн 10, зуслангийн 3 чиглэлд 5, шөнийн тээврийн үйлчилгээний 3 чиглэлд 10 автобус, нийт 637 автобус үйлчлэх юм.
Энэ сарын 11, 12-нд Төв цэнгэлдэх хүрээлэн орох наадамчдад зориулж Мишээл экспо төв рүү 13 чиглэлийн 76 автобус, Дүнжингарав худалдааны төв рүү 22 чиглэлийн 135 автобус үйлчилнэ.
“Мишээл экспо төв” болон Дүнжингарав худалдааны төвөөс Төв цэнгэлдэх хүрээлэн рүү 20 автобус 3 минут тутам, рейлбусын зогсоол буюу Урбанекын урд талын Дунд голын зогсоолоос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү 5 автобус 6 минут тутамд, Хүй 7 худгийн Рейлбусны зогсоол буюу Давааны зөрлөгөөс Морь барианы газар руу 5 автобус 4 минут тутамд тус тус богино эргэлтээр наадамчдад үнэ төлбөргүй үйлчлэх юм.
Энэ сарын 11, 12-нд Гандийн гудамжны автобусны зогсоолоос, энэ сарын 13-нд хотын төв буюу МУБИС-ийн баруун тал Улаанбаатар зочид буудлын автобусны зогсоолоос 8:00 цагаас 20 их багтаамжийн автобус 10 минут тутамд Хүй 7 худаг руу 1000 төгрөгийн тарифаар үйлчилнэ.
Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын 3 түр зогсоолоос Нийслэлийн тээврийн газартай гэрээтэй ажилладаг 11 аж ахуйн нэгжийн 380 такси иргэдэд үйлчилнэ.
Үүнд,
- Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд тал: Нийслэлийн гудамж, Хурд хорооллын урд зогсоол;
- Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойд тал: Махатма Гандийн гудамж, ХАҮТ-ын арын зогсоол;
- Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун тал: Чингисийн өргөн чөлөө, KH apartment баруун талын зогсоол.
Баяр наадмын өдрүүд буюу энэ сарын 10, 11, 12, 13-нд “Амгалан”-гаас “Давааны өртөө” хүртэл Рейлбус 2000 төгрөгийн тарифаар үйлчлэх юм байна.