Өчигдөр буюу долдугаар сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймагт цагдаагийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэж бусдын амь насыг авран хамгаалах гэж яваад амь эрсэдсэн харамсалтай хэрэг гараад байна.
Талийгаач И.Эрдэнэшагай нь 30 настай байсан бөгөөд хоёр настай хүү, сар хүрээгүй охинтой байжээ. Харамсалтай нь, тэрбээр Булган суманд таван жил цагдаагаар ажиллаж байгаад албан тушаал өөрчлөгдөн, аймгийн төв рүү шилжин ирж гэрээ бариад хоёрхон хонож байсан аж. Харин түүний эхнэр Алтай суманд амаржаад хорь гаруйхан хонож байсан бөгөөд талийгаач нөхөртэйгээ уулзаж амжаагүй байжээ.
Хэрэг явдлыг тодруулбал, өчигдөр орон нутгийн цагаар 12 цагийн үед иргэн “А”-гаас “...миний эхнэр “Ж” нь амиа хорлоно гээд Ховд гол руу явлаа. Би гурван настай хүүхдээ тэврээд явж байгаа болохоор гүйцэхгүй байна...” гэх дуудлага иржээ.
Энэ дагуу эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагай, цагдаа-жолоочийн хамт Ховд голын эрэг орчмоор шалгалт хийх үед иргэн “Ж” голын ус руу орж урсаж байжээ. Ахлах ахлагч И.Эрдэнэшагай гол руу орж эмэгтэйг барьж авсан боловч усны түвшин их, урсгал ширүүн байсан тул тухайн иргэний хамт харамсалтайгаар усанд живж амь насаа алдсан байна.