Төрийн ордонд сэтгүүлчид эсэргүүцлээ илэрхийлж байна

Төрийн ордонд сэтгүүлчид эсэргүүцлээ илэрхийлж байна

Коронавирус цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд манай улс онцгой дэглэм тогтоож, зарим газарт хөл хорио тогтоогоод буй. 

Энэ дагуу УИХ-ын чуулганы үйл явдлыг сурвалжлах эрхтэй сэтгүүлчдийг төрийн ордонд мэдээлэл бэлтгэхэд тодорхой хил тогтоож, төрийн ордонд бүтэн нэвтрүүлэхгүй байгаа юм. Тэгвэл энэ иргэдийн мэдэх эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзэн өнөөдөр парламентын сэтгүүлчид нэгдэж “парламентын үйл ажиллагааг чөлөөтэй сурвалжлах боломжийг олгох”-ыг шаардаж, төрийн ордон дотор эсэргүүцлээ илэрхийллээ. 

25-р суваг телевизийн сэтгүүлч Г.Туул "Өнгөрсөн гуравдугаар сараас хойш хэвлэлийнхний ажил хийх нөхцөлийг хязгаарласан. Бид хөл хорио тавьсан цагаас эхлэн хүлээцтэй хандаж байсан. Гэтэл сүүлдээ ЗГ, УИХ-ын хэвлэл мэдээллийн албаны зүгээс цар тахлын хорио цээрийн дэглэм цуцлагдсан ч хэвлэлийнхний Төрийн ордноос мэдээ, мэдээлэл бэлтгэх нөхцөлийг чангатгана гэсэн хандлага байгаа. Сэтгүүлчдийг гишүүдийн өрөөгөөр дураараа явуулахгүй, чуулган болон байнгын хорооны үүдэнд олноор цуглуулахгүй, тодорхой цэгт яриа авахыг зөвшөөрнө, ордны цайны газар кофе шопд сэтгүүлчдийг орохыг хязгаарлана гэсэн мэдээллүүд яваад байна. Цар тахлаар далимдуулаад хэвлэлийнхний амыг хаах гэсэн хандлага цаашдаа ч гэсэн үргэлжлэх юм байна гэж харж байна. Ямар нэгэн асуудлаар сэтгүүлчид эрэн сурвалжилж, шүүмжлэлтэй хандах гэсэн асуудлыг хязгаарлах гээд байгаа юм байна. Гишүүд, сайд нар өөрсдийнхөө хүссэн асуудлаар өөрсдийгөө рекламдах гэсэн яриа, мэдээлэл, хэвлэлийн бага хуралд энэ цэг дээр ирж өгчихөөд бидний хүссэн асуудлаар мэдээлэл өгөөч гэхээр гишүүд зугтаагаад алга болчихдог. Сэтгүүлчдийн ажлаа хийх нөхцөл боломжийг дэндүү их хязгаарлаж байна. Би сүүлийн 20 гаруй жил парламент сурвалжилж байна. Энэ хугацаанд ийм байдлаар хэвлэлийнхнийг хязгаарлаж байсан түүх байхгүй" гэв. 

UBS телевизийн сэтгүүлч Х.Жавзандулам "Ямар нэгэн гишүүн, сайд мэдээлэл хийлээ гэхэд энэ цэг дээр ирж өгдөг. Зөвхөн мэдээлэл хийнэ гэвэл ирээд авч байгаа. Гэтэл энэ журам нь зөвхөн хэвлэлийнхэнд хатуу үйлчлээд байгаа нь харамсалтай байна.  Гишүүд, сайд нар хуралдаа маскгүй суудаг, Төрийн ордонд сэтгүүлчдээс бусад бүх хүн чөлөөтэй орж гарч байгаа. Нэг үгээр, хэвлэлийнхэнд л маш хатуу журам үйлчилж байна" гэсэн юм.