Л.Оюун-Эрдэнийг тагнаж чагнасан асуудалтай холбогдуулж ТЕГ-ын дарга нарыг чөлөөлсөн үү

Л.Оюун-Эрдэнийг тагнаж чагнасан асуудалтай холбогдуулж ТЕГ-ын дарга нарыг чөлөөлсөн үү

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун­Эрдэнэ УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд “хоёр жил гаруйн хугацаанд намайг тагнаж, чагнасан” гэх өргөдөл гаргасан гэх мэдээлэл бий. Улмаар энэхүү асуудлыг ихээхэн нууцалж байгаа учир Тусгай хяналтын дэд хороо хэзээ хуралдах нь одоогоор тодорхойгүй байгаа юм. 

Харин бидэнд олдсон эх сурвалжийн мэдээлэлд “Л.Оюун-Эрдэнийг МАН-ын удирдах түвшний хүн тагнаж чагнасан байж болзошгүй байгаа. Тэрээр тусгай хяналтын дэд хороонд гаргасан өргөдөлдөө энэ тухай өгүүлээд, МАН-ын нэгэн өндөр албан тушаалтны нэрийг дурдсан нь тус намд хэрүүлийн гол сэдэв болоод байна” гэсэн юм. Тэгвэл энэхүү үйл явдалтай зэрэгцэн, өчигдөр Тагнуулын Ерөнхий газрын дарга Д.Гэрэл, тус газрын дэд дарга Б.Энхсүх нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан талаар Засгийн газраас мэдээлсэн.

Тодруулбал, Д.Гэрэлийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бол, Б.Энхсүх өөр албанд томилох болсон тул ажлаас нь чөлөөлөх тушаал гарсан гэсэн мэдээлэл байна. 

Харин Өдрийн сонины өнөөдрийн дугаарт “Л.Оюун-Эрдэнийн гаргасан өргөдлийг Тусгай хяналтын дэд хороо хүлээж аваад, шууд прокурорт хянуулахаар өгсөн. Улмаар Прокуророос ажлын хэсэг гарган ажиллаж байна. Иймд Тагнуулын хоёр даргыг чөлөөлж байгаа нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг тагнаж чагнасан гэх асуудалтай холбоотой талаарх яриа улс төрийн хүрээнийхний дунд газар авч байна. Улмаар Д.Гэрэлийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, хууль бусаар тагнасан байж болзошгүй гэх мэдээлэл байгаа юм” хэмээн мэдээлжээ.