Орхон голд живж, амиа алдсан залуусын хоёрынх нь цогцсыг олоод байна

Орхон голд живж, амиа алдсан залуусын хоёрынх нь цогцсыг олоод байна

Энэ сарын 24-нд  Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн багийн “Орхон голын гүүр” гэдэг газар Орхон голын усанд сэлж байсан иргэн Г /24 настай, эрэгтэй/, Б /23 настай, эрэгтэй/, А/22 настай, эрэгтэй/ нар живж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Энэ тухай дуудлагыг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар тухайн өдрийн 15:30 цагт хүлээн авч,  хэргийн газар ирэхэд залуус хэдийн эргээс холдож, үзэгдэхгүй болсон байжээ. Улмаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги,  Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Цагдаагийн хэлтэс, Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн  алба хаагчид, ар гэрийнхний хамтаар осолдсон газраас “Орхон сумын төв“ хүртэл 8 км газарт “Орхон” голын усаар завьтай урсаж, 5 метрийн гүнд 6 удаагийн шумбалтыг хийж, “Орхоны хясаа” гэдэг газар хүртэл 10 км-т голын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:46 цагт түр зогсоосон байна.

Ингээд өчигдөр буюу наймдугаар сарын 25-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлж оройн 20:00 цагийн үед хоёрынх нь цогцсыг олжээ. Одоогоор нэг алба хаагчын цогцсыг олохоор албаныхан ажиллаж байна.

Энэ талаар иргэдийн зүгээс “цэргүүдээр ногоо хураалгуулж байгаад дарга нар нь хариуцлага алдаж голд живэхэд хүргэсэн, эсвэл дарга нарын дарамт шахалт байсан байх” зэрэг хардлагыг төрүүлээд байна.

Харин болсон үйл явдлыг товч дурдвал, тус гурван залуу нь Орхон аймгийн зэвсэгт хүчний 110 дугаар ангийн ахлагчид байсан бөгөөд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын ойролцоо байдаг Бэлэндалай 81-р гарамлуу ургац хураалтанд явж байжээ. Нийт 10 гаруй ахлагч цолтой залуус явж байсан ба явах замдаа голд орчихоод хөдлөхөөр шийдэн Орхон голын гүүрэн дээр түр зогссон байна.Халуун өдөр байсан тул дөрвөн албан хаагч сэрүүцэхээр гол руу оржээ. Гэвч тэднээс нэг нь л гарч ирсэн бөгөөд үлдсэн гурав нь хөл алдан, харамсалтайгаар живжээ.

Энэ талаар Сант сумын удирдлагаас тодруулахад “Орхон голын гүүрний хэсэг маш аюултай, хүчтэй урсгалтай газар. Уг хэрэг гарахаас өмнөх өдөр нь мөн нэг хүн живж, амиа алдсан. Манай сумын удирдлагууд иргэдэд үргэлж анхааруулж, самбар байршуулдаг ч тус хэсэгт зуны улиралд хүмүүс их энддэг. Бид одоо тор татаж, иргэдийг тэр хэсэгт голд оруулахгүй байх арга хэмжээг авч ажиллаж байна” гэж мэдээлсэн юм.




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө