Л.Галбадрах: Охины минь эмчилгээний зардал 150 сая төгрөг ч “Таван толгой түлш” ХХК талыг нь ч өгөх боломжгүй гэсэн

Л.Галбадрах: Охины минь эмчилгээний зардал 150 сая төгрөг ч “Таван толгой түлш” ХХК талыг нь ч өгөх боломжгүй гэсэн

Ид ажиллаж, хөдөлмөрлөн, амьдралын аз жаргалыг амталж явах насандаа сайжруулсан түлшний угаарын хийд хордож, гуравхан настай охиноосоо үүрд хагацсан 34 настай, У бүсгүй хэвтэрт ороод жил гаруйн хугацааг өнгөрөөж байна. Одоогоос жилийн өмнө эмч нар түүний амьдрах магадлалыг тавхан хувь гэж хэлж байсан ч олон хүнд хагалгаа, эмчилгээний ард гарч өнөөдөр хөл дээрээ босохоор тэмүүлж байна.

Хөгшин эцэг, эх нь ч хамт хичээн зүтгэж, охиноо арчилж, тойлох, эмнэж, гамнах бүхий л ажлыг цаг алдалгүй хийсээр. Аль сайн гэсэн эмнэлэг, бариа, хануур хийдэг хүмүүстэй холбогдон, очиж, үзүүлэн, охиноо хөл дээр нь босгохоор чин сэтгэлээсээ хичээн, зүтгэж буй эцэг эхийн хайр, халамж, сэтгэлийн их хатаар бахархахгүй байхын аргагүй.

У бүсгүйн аав Л.Галбадрах

-НЭГ ӨГЛӨӨ УНТААД СЭРЭХЭД ГУРВАН НАСТАЙ ОХИНОО АЛДАЖ, ӨӨРӨӨ ТАХИР ДУТУУ БОЛНО ГЭЖ САНААГҮЙ-

Уг хэргийг эргэн сануулбал, өнгөрсөн оны аравдугаар сарын 18-19-нд шилжих шөнө У гэгч бүсгүй Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлах гэртээ угаартаж маш хүнд хордсон аймшигт явдал болсон юм. Хамгийн харамсалтай нь угаарын хийд түүнтэй хамт гурван настай охин нь хордож, хорвоог орхижээ.

Тухайн үед У бүсгүйн аав Л.Галбадрах бидэнд өгсөн ярилцлагадаа “Би тав дахь өдрийн орой зээ охиноо цэцэрлэгээс нь аваад гэртээ байлгаж байсан. Ээж нь шөнө 10 орчим цагийн үед ирж охиноо аваад гэр рүү гээ явсан. Ингээд би хагас сайны өглөө 10:00 цагт манайд ирэхгүй байхаар нь охиныхоо гэр лүү очсон. Очоод хаалгыг нь удаан нүдсэн ч тайлахгүй байсан юм. Мөн цонхыг нь тогшоод ч тайлаагүй. Тэгэхээр нь гэр лүүгээ гүйж ороод хүүгээ дуудаад арын цонхыг нь эвдэж орсон. Гэтэл миний охин дөнгөж нэг амьтай, голтой. Харин зээ охин минь аль хэдийнээ нас бараад гар, хөл нь хөшсөн байсан. Тэгээд би амьсгал хураасан охиноо юмаар хучиж цааш нь тавьчихаад түргэн дуудаад эмнэлэгт хүргэсэн. Миний зээ охин ээжийнхээ өвөрт харамсалтайгаар нас барсан” гэж ярьж байв.

Харин У бүсгүй үхэлтэй тэмцэлдэн ухаан орж чадахгүй Хордлогын үндэсний төвд байх зуурт охиныг нь хөдөөлүүлж байсан нь өр өвдмөөр.

Бүсгүй охиноо нас барсныг ч мэдээгүй. Ухаан ороод охиноо нас барсныг мэдээд маш их уйлж, шаналсан байдаг. Түүнээс хойш тэрбээр Гэмтэл, согог судлалын үндэсний төвд урт хугацааны эмчилгээ хийлгэж хөлний булчингийн мах авахуулах, дөрвөн мөч мэдээ оруулах зэрэг эмчилгээ хагалгааг хийлгэжээ. Тэнд байхдаа тэрбээр хүнд, хөнгөнөөр бие засч, хөл дээрээ алхаж чадахгүй маш хүнд байдалтай байсныг аав нь ярьж байлаа. Угаарт хордсоны дараа түүний шээс тас хар өнгөтэй гарч байжээ.

Иргэн Л.Галбадрах

-“ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-Д ГОМДОЛ ГАРГАЖ ОЛОН САР ШҮҮХЭЭР ЯВСАН Ч ЗӨВШИЛЦӨЛД ХҮРЧ ЧАДАХГҮЙ БАЙНА-

Ингээд бид жилийн өмнө болсон үйл явдлыг дахин сурвалжилж, охины биеийн байдал, шүүхийн шийдвэрийн үйл явцын талаар У бүсгүйн аав Л.Галбадрахтай ярилцлаа.

-Танай гэр бүлд харамсалтай үйл явдал тохиолдоод жил гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд та бүхэн хууль шүүхийн байгууллагад хандаж, гомдлоо барагдуулахаар олон ч сар хөөцөлдлөө. Энэ ажил ямар шатандаа явж байна?

-Тийм ээ, Сүхбаатар дүүргийн шүүхэд долдугаар сарын 8-ны өдөр анхан шатны шүүх хурал болсон. Энэ үеэр зөвшилцье гэсэн санал гаргаж, шүүх хурал хойшилсон юм. Гэхдээ бараг зөвшилцөлд хүрэхээргүй л хэцүүхэн санал гаргаж байна лээ.

-Та бүхний зүгээс албан ёсоор ямар байгууллагад өргөдөл гаргасан бэ. Тус байгууллагатай өнгөрсөн хугацаанд ямар хэлбэрээр харилцаж байв. Төлөөлөл ирж уулзсан уу?

-“Таван толгой түлш” ХХК-д өргөдөл, гомдлоо гаргаад явж байна. Энэ хугацаанд тус байгууллагын хуулийн зөвлөх н.Гансүх гэдэг хүн ганц удаа ирж уулзсан. Өөрөөр тус байгууллагатай холбогдож, уулзаж, ярилцаагүй.

-БИДНИЙ ХУВЬД НЭГ ОХИНОО ДАХИН АМЬДРУУЛЖ ЧАДАХГҮЙ ТУЛ ҮЛДСЭНЭЭ ЭДГЭЭЖ, ХӨЛ ДЭЭР НЬ БОСГОХЫГ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮСЧ БАЙНА-

-Хоёр тал яагаад зөвшилцөлд хүрч чадахгүй байгаа юм бэ?

-Тодорхой хэлбэл, нэхэмжилсэн мөнгөн дээр л санал зөрөлдөөд байгаа юм. Бидний хувьд хамгийн нандин бяцхан охиноо алдаж, маш том гарз тохиосон. Үүгээр ч зогсохгүй эрүүл, саруул ажиллаж хөдөлмөрлөөд явж байсан цэл залуухан охины маань эрүүл мэнд, сэтгэл санаанд асар их хохирол учирсан. Бид нас барсан охиноо буцааж амьдруулж чадахгүй учир ядаж үлдсэн охиноо эмчилж, эдгээж хөл дээр нь босгохыг маш их хүсч байгаа. Тиймээс гадны улсад эмчлүүлхээр зорьж,  зардлыг нь судалсан. БНСУ-аас хэдхэн хоногийн өмнө бичиг ирсэн. Эмчилгээний зардал нь 50-55 мянган ам.доллар буюу 150 гаруй сая төгрөг болох юм билээ. Харин "Тавантолгой түлш" ХК-иас нас барсан охинд 30 сая, эмчлүүлж байгаа охинд 30 сая өгөх боломжтой. Манайх баян компани биш, төсвийн байгууллага учраас илүү мөнгө өгөх боломжгүй гэж мэдэгдсэн. Энэ нь эмчилгээний зардлын тал л гэсэн үг. Гэтэл бидэнд эмчилгээний зардлаас гадна билетний мөнгө, очоод байрлах байр, хоол унаа гээд их зардал гарна. Тиймээс бид зүгээр эмчилгээний төлбөрөө л бүрэн авах хүсэлтэй байгаа юм. Тэгж байж л бид охиноо хөл дээр нь босгож чадна.

-Охины тань бие одоо ямар байдалтай байна. Ямар эмчилгээ хийлгэж байгаа вэ?

-Хэрэг явдал гарснаас хойш үргэлж л эмнэлгээр явж, тасралтгүй эмчилгээ хийлгэж байна. Хамгийн сүүлд дүүргийн эмнэлэгт хэвтээд гарсан. Зүү тавиулах, хануур төөнүүр хийлгэх гээд л боломжтой бүх эмчилгээг хийлгэсэн. Бара эмчилгээ гээд Монголд хоёрхон байдаг эмчилгээг бас хийлгэж байна.

Иргэн Л.Галбадрах

-Одоо ямар зовиуртай байна?

-Нойр их муутай байна. Сэтгэл санааны хувьд ч олигтой сайн дээрдэхгүй байх шиг. Их дуу муутай болсон. Хамгийн том зовиур нь нэг хөлөөрөө бүрэн гишгэж чадахгүй, хөлийн ул нь тэнийхгүй байгаа. Хөлийнх шарх огт эдгэхгүй гурван сар болж байна. Хуруунуудаараа гишгэсээр байгаад нь цоорч, шүүс гоожиж эхэлсэн.

-БНСУ-ын талаас эмчилж чадна гэсэн хариуг өгсөн гэсэн. Ямар эмчилгээ хийнэ гэсэн бэ?

-Нийтдээ гурван хагалгаа хийнэ гэсэн. Өвдөг, шагайнд хагалгаа хийгээд тэгээд сүүлд нь гоо сайхны хагалгаа хийх юм билээ. Охины маань угаартсанаас болж хөл нь үнэхээр аймшигтай болсон. Тиймээс косметик хагалгаа хийлгэх бүрэн шаардлагатай гэсэн.

-ЦААШДАА ХЭДЭН ХҮНИЙ АМЬ НАСЫГ ЗОЛИОСЛОН БАЙЖ, УТААГҮЙ ХОТОД АМЬДАРЧ ЧАДАХ ВЭ-

-Одоо шүүх хурал хэзээ болох вэ?

-Ойрын хугацаанд л болно гэсэн. Бидний талаас дутуу байсан бичиг баримтаа бүрдүүлээд оролцоно гэж бодож байна. Өвөрмонголоос бас эмнэлгийн бичиг ирсэн. Өмнөх шүүх хурал дээр эмнэлгийн бичиг ирээгүй байсан юм. Миний хувьд бол хөгшин хүн удахгүй байх. Харин энэ үлдэж байгаа залуу хүн л харамсалтай байна. Ямар ч хамаагүй аргаар эмчилгээнд явуулаад, эдгээж, эрүүл саруул болгохыг маш их хүсч байна.

-Одоо удахгүй хүйтний улирал эхлэх гэж байна. Өнгөрсөн өвөл энэ түлшийг хэрэглэсэн нэлээн хэдэн хүн угаартаж эрүүл мэнд амь насаараа хохирсон шүү дээ. Хүмүүст одоо анхаарал, болгоомж их хэрэгтэй байх?

-Тэгэлгүй яахав. Анх ханан пийшинд түлж болно гэж хэлж байсан ч энэ бол хамгийн буруу зүйл байсан. Тийм учраас хүмүүст хандаж хэлэхэд ханан пийшинд битгий түлээрэй.  Угаар мэдрэгчээ сайн чагнаж байгаарай гэж хэлмээр байна. Төслийн зууханд түлж байсан хүмүүс ч угаартсан гэсэн мэдээлэл яваад байсан. Бидэнд бол анх бүх төрлийн зууханд түлж болно гэж мэдээллээд олон хүн амь насаа алдсан. Угаар мэдрэгч ч тараагаагүй байсан үе. Хэрвээ бидэнд анхнаасаа үнэн зөв мэдээлэл өгөөд, угаар мэдрэгчээ хүйтний улирал эхлэхэд бүх айлд тараасан бол хэндээ гомдоод явж байх вэ дээ.

Угаарын хийд хордсон охины хөл ийм болжээ

Энэ бол зөвхөн нэг гэр бүлийн гашуун түүх. Үүний ард хайртай хүмүүсээсээ хагацаж, эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсон олон гэр бүл бий. Удахгүй хүйтний улирал эхэлж, гэр хорооллын олон мянган айл түлш хэрэглэж эхэлнэ. Гэвч дахин энэ аймшигт явдал тохиолдохгүй байхыг хэн ч үгүйсгэж чадахгүй. Сайжруулсан түлшийг утаагүй, үнэргүй маш сайн хэмээн олон хүмүүс ярьж, хэлж  мэдээлж байна. Гэтэл дээрх түлшийг түлээд олон иргэд өглөө сэрэлгүй хайртай бүхнээ орхин одсоор. Сайжруулсан шахмал түлшнээс үүдэн иргэд олноороо угаартаж улмаар олон иргэн нас бараад буй энэ цаг үед гэр хороололд амьдардаг иргэд ч айдастай байна. Харин орон сууцанд амьдардаг болон эрх баригчид л “утаанаас саллаа” хэмээж буй. Цаашдаа бид хэдэн хүний амь насыг золин байж утаагүй хотод амьдарч чадах вэ