ШШГЕГ: Хоригдогч нь өөрийгөө боомилсон байдалтай олдсон. Дотоод хяналт, шалгалт явагдаж байна

ШШГЕГ: Хоригдогч нь өөрийгөө боомилсон байдалтай олдсон. Дотоод хяналт, шалгалт явагдаж байна

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  Ерөнхий газрын  /ШШГЕГ/ харьяа 461 дүгээр ангид саатуулагдан шалгагдаж байсан эрэгтэй энэ сарын 20-ны өдөр амиа хорлосон байдалтай олдсон гэх мэдээллийг бид өмнө хүргэсэн. 

Эх сурвалжийн мэдээллээр талийгаач Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар  хүнийг онц хэрцгийгээр  алах гэмт хэрэг сэжиглэгдэн зургадугаар сарын 15-аас хойш саатуулагдаад байжээ.  Одоогоор дээрх асуудалд Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бол ШШГЕГ-аас дотоод, хяналт шалгалт явуулж байгаа юм. 

Уг хэргийн талаар ШШГЕГ-ын хэвлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Х.Баясгалан тайлбар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Тухайн хоригдогч энэ сарын 20-ны 05.00 цагийн үед өөрийгөө боомилсон байдалтай олдсон. Уг хоригдогчийн шүүх хурал товлогдсон байсан. Цагдаагийн байгууллага болон манай байгууллагаас дотоод, хяналтын шалгалт явуулж байна. Хариу хараахан гараагүй байгаа. Ийм нөхцөл байдлаас шалтгаалж нас барсан гэдгийг одоо хэлэх боломжгүй. Цагдан хорих 461 дүгээр ангид харуул, хамгаалалттын алба хаагчид үүрэг гүйцэтгэдэг. Мөн хяналтын камераар хянадаг. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.