Нэг тэрбумаар үнэлж, ИНЕГ-т шилжүүлсэн гэх “Ланд 200” автомашины асуудлыг АТГ шалгаж эхэлжээ

Нэг тэрбумаар үнэлж, ИНЕГ-т шилжүүлсэн гэх “Ланд 200” автомашины асуудлыг АТГ шалгаж эхэлжээ

Үндэсний Аудитын газрын дэд дарга О.Тэнгис “Албан хэрэгцээний Ланд 200 маркийн автомашиныг 900 сая орчим төгрөгөөр авсан зөрчил байгаа” хэмээн өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Ланд 200 маркийн автомашины тухайд манайд 200 сая төгрөгөөр үнэлэгдэж байгаа. Иймээс ямар албан тушаалтан тус машиныг өндөр үнээр авав гэх асуудал олны анхаарлыг татаж эхэлсэн. Харин уг машиныг Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал барих төслийн хүрээнд галын командлагч машины зориулалттайгаар анх авчээ. Нийлүүлэлтийг Японы “Мицибүши” гүйцэтгэсэн бөгөөд Австралийн нисэх буудлын гал унтраах чиглэлээр мэргэшсэн компани тоноглосон юм байна. Улмаар галын тоноглол бүхий Ланд 200 нийт 723 сая төгрөгийн өртөгтэйгөөр нийлүүлэгдсэн аж. Төслийн нэгжээс шинэ нисэх буудлын 150 гаруй машин механизм, 100 гаруй бусад үл хөдлөх хөрөнгийг төслийн гүйцэтгэл дууссаны дараа ИНЕГ-т хүлээлгэн өгсөн байдаг. ИНЕГ-аас уг хөрөнгүүдийг бүртгэлжүүлэхийн тулд хөрөнгийн үнэлгээг дахин хийх шаардлагатай болжээ. Улмаар хөндлөнгийн үнэлгээгээр 723 сая төгрөгөөр нийлүүлэгдсэн мөнгөлөг саарал Ланд 200 автомашиныг 1.1 тэрбумаар үнэлж, ИНЕГ-луу шилжүүлжээ. Ингэхдээ улсын дугаарыг нь дахин солисон байна. Одоогийн шүүлтээр тус машин ИНЕГ-ын нэр дээр гарч ирж байгаа ч тэд хөрөнгөнүүдээ Японы талд хүлээлгэж өгсөн байна.

Үүсээд буй нөхцөл байдлын талаар Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн захирал Н.Энхбат “Төслийн нийт зардлыг хэмнэхийн тулд нэг багц хямдрал үүсгээд, дотор нь хөл дүнгүүд дээр шингээлт оруулж, хасахыг нь хасч, нэмэхийг нь нэмсэн. Японы талтай ярилцаад бусад зохицуулалтын хүрээнд худалдаж авсан” гэж тайлбарласан билээ.

Авилгатай тэмцэх газар уг асуудлыг өмнө нь шалгаж “төслийн тодорхой нөхцөлөөс үүдсэн хэрэг, эрүүгийн хэрэг биш” гэж үзэж хаах санал гаргаж, прокурорт шилжүүлжээ. Харин Үндэсний Аудитын газраас дахин гомдол гаргаж, тэр үеийн албан тушаалтнуудыг АТГ-аас шалгаж эхэлжээ.