БАРИМТ: Молекулын хүү Б.Баттулга 300 тэрбумын тендер авахад нөлөөлсөн байж болзошгүй “Нэг номер” гэж хэн бэ

БАРИМТ: Молекулын хүү Б.Баттулга 300 тэрбумын тендер авахад нөлөөлсөн байж болзошгүй “Нэг номер” гэж хэн бэ

УИХ-ын гишүүн асан Молекул гэх Батж.Батбаярын уул уурхай тойрсон асуудал олны шүүмжлэлийг дагуулдаг байв. Тэрээр өмнө нь УИХ-ын сонгуульд АН-аас Баянхонгор аймагт нэр дэвшин сонгогдож байсан ч 2012 оноос хойш дахин нэр дэвшээгүй юм. 

-БАТЖ.БАТБАЯР БА ТҮҮНИЙ ХӨВГҮҮДИЙГ ТОЙРСОН ОЛНЫ ШҮҮМЖ-

Таван толгойн нүүрсний ордын лицензийг эзэмшиж байсан "Энержи ресурс"-д Молекул Батж.Батбаярынкомпани багтаж ирсэн ч 2008 оны сонгуульд тэрээр нэр дэвших эрхээ авахын тулд "Энержи ресурс"-ээс гарах хэрэгтэй болсон гэдэг. Гэхдээ мэдээж зүгээр явчихсангүй, нэлээд олон сая ам.доллар төлбөрт нь авч гарсан талаар зарим хэвлэлд мэдээлжээ. Мөн түүнийг Хөвсгөлийн фосфоритын ордын 10 гаруй хайгуулын лицензийг Б.Батхишиг гэх хүүгийнхээ компани болох "Талст маргад"-д авч өгсөн гэх мэдээлэл ч гарч байв. Харин сүүлд буюу 2018 онд Баянхонгор аймгийн Баян-овоо сумын нутагт байрлах "Спейшлмайнз" гэх Молекул Батж.Батбаярын өөр нэг хүү Б.Батулгын эзэмшдэг компанийн уурхайн гурван ажилтан “натрийн цианид”-д хордож "Цэргийн коспитал"-д хүргэгдсэн тухай мэдээлэл олны шүүмжлэлд өртөж байлаа. 

-300 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨРТӨГТЭЙ ТЕНДЕРИЙГ МОЛЕКУЛЫН Б.БАТТУЛГЫН СПЕЙШЛМАЙНИНГ СЕРВИС ХХК АВЧЭЭ-

Тэгвэл Молекул Батж.Батбаярын хүү Б.Баттулгын эзэмшлийн Спейшлмайнинг сервис ХХК Эрдэнэс таван толгой /ЭТТ/ ХК-иас саяхан 300 гаруй тэрбум төгрөг буюу 100 гаруй сая ам.долларын өртөгтэй тендер авчээ. 

Тодруулбал, “Таван толгой ордын цанхийн баруун уурхайн хөрсний чулуулаг болон нүүрсийг бутлах өрөмдлөг тэсэлгээний ажил гүйцэтгүүлэх” тендерийг өнгөрөгч онд ЭТТ ХК-иас зарлаж энэ онд шалгаруулсан байна. Энэхүү тендерт Молекулын хүү Б.Баттулгын Спейшлмайнинг сервис ХХК оролцож 309 тэрбум төгрөгийн санал өгсөн ч Сангийн яамны шийдвэрийн дагуу дахин үнэлээд татгалзаж, хасагдаж байжээ.

Tender.gov.mn сайтын мэдээлэл

Гэтэл ЭТТ ХК-ийн тус тендерт Молекулын хүү Б.Баттулгын Спейшлмайнинг сервис ХХК ямартай ч шалгарч, өнөөдөр Таван толгойд дээрх ажлыг гүйцэтгэж байгаа талаар албаны эх сурвалжууд мэдээлж байгаа юм.  Тэрээр тус компанийг Степпхолдинг ХХК-иар дамжуулан эзэмшдэг байна.

Улсын бүртгэлийн мэдээлэл

Харин зарим хэвлэлд ЭТТ ХК-тай хамгийн өндөр үнийн дүнтэй гэрээ байгуулсан гурван компанийн нэгээр Молекулын хүү Б.Баттулгын Спейшлмайнинг сервис ХХК байна хэмээн мэдээлжээ. Нөгөөтэй дотоодын олон компанид хуваагаад өгч болох 300 гаруй тэрбум төгрөгийн өртөгтэй тендерийг яагаад нэг компани авав. Цаашлаад өмнө нь нэг жилээр хийдэг байсан тус ажлын гүйцэтгэлийн гэрээг энэ жил яагаад гурван жилийн хугацаатай болгов гэх асуудал ч гарч байгаа юм. 

-Б.БАТТУЛГЫН КОМПАНИ ЭТТ ХК-ИАС 300 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР АВАХАД ХЭН НЭГЭН АЛБАН ТУШААЛТАН НӨЛӨӨЛСӨН ҮҮ -

Харин өчигдөр олон нийтийн сүлжээнд “Молекул Батбаярын хүү Баттулга Эрдэнэс Таван толгой ХК-нд хэрхэн нөлөөлж 300 тэрбум төгрөгийн тендер авав” гэх нэртэй дараах мэдээлэл гарсан юм. 

Тус бичлэгт Баттулга гэх эрхэм “Эрдэнэс Таван толгойд бол сайдын эрх мэдэл 30 хувь байх. Би бол өөр гаргалгаа, шугамаар явж байгаа” гэсэн бол өөр нэг эрхэм “Чиний хэлээд байгаа нэг номерын хүн чинь” зэргээр ярилцжээ. Ямартай ч энэ бичлэг бодиттой бол ЭТТ ХК-иас 300 гаруй тэрбум төгрөгийн тендер зарлагдах үеэр энэхүү яриа болсон байж болзошгүй байгаа юм. Нөгөөтэй тус өндөр үнэтэй тендерийг Молекулын хүү Б.Баттулгын Спейшлмайнинг сервис ХХК авахад хэн нэгэн төрийн өндөр тушаалтан нөлөөлсөн юм биш биз гэх хардлагыг мөн төрүүлж байна.

Цаашлаад улс төрийн хүрээнд Ерөнхийлөгчийг номер *** , УИХ-ын даргыг номер хоёр, Ерөнхий сайдыг номер гурав гэж нэрлэх нь бий. Мөн зарим хүмүүсийн дунд ЭТТ ХК-ийн одоогийн удирдлагуудын аль нэгийг ч ийнхүү дууддаг байхыг үгүйсгэхгүй юм.

Иймд эдгээр өндөр албан тушаалтай эрхмүүдийн аль нэг нь Молекулын хүү Б.Баттулгын Спейшлмайнинг сервис ХХК ЭТТ ХК-иас 300 гаруй тэрбум төгрөгийн үнийн дүнтэй тендер авахад нөлөөлсөн юм биш биз гэх хардлагыг ч мөн төрүүлж байгаа юм. 

Бид үйл явдлыг эргэн мэдээлэх болно.