УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт 3.6 жилийн хорих ял оноожээ

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт 3.6 жилийн хорих ял оноожээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт 3.6 жилийн хорих ял оноожээ.

Түүнийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь нөлөөлсөн үндэслэлээр буруутгаж, Авлигатай тэмцэх газраас шалгаж байсан юм. Улмаар гэм бурууг нь шүүх хурал болж, ял оноолоо.

Түүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт эхэлсэн боловч Д.Дамба-Очир нь нэмж өмгөөлөгч авах, уг өмгөөлөгч нь хавтаст хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр хангаж шүүх хуралдааныг 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулсан юм.

Шүүх хэргийг хүлээн авсан өдрөөс хойш шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтээр шүүх хуралдаан хоёр дахь удаагаа хойшилж байна. Нийслэлийн прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т холбогдуулан өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 9 хавтас бүхий эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх зургадугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан байна.