ХЭРГИЙН ГАЗАР: Хүүгийн амиа алдсан газрын сандал, хашаа зэргээс бороо орох бүрд тог цохидог байж

ХЭРГИЙН ГАЗАР: Хүүгийн амиа алдсан газрын сандал, хашаа зэргээс бороо орох бүрд тог цохидог байж

Манай улс хүүхдэд ээлгүй, хүнээ дээдэлдэггүй улс болж хувирсны томоохон жишээ болох хэрэг ар, араасаа гарсаар байна. Тэр тусмаа улс орны ирээдүй болсон хүүхэд багачуудын эрүүл, аюулгүй орчинд өсч торних суурь эрх алдагдсаар уджээ.

Тоглож наадаж, хайрлуулж өсөх хамгийн нандин үе дээрээ гэр бүлийнхэндээ хүчирхийлүүлж, тоглоомын талбайн тогонд цохиулж, хашлагад даруулж, машин техник, үер усны аюулд нэрвэгдэж хорвоог орхих Монголын ирээдүй болсон мянга мянган бяцхан зүрх туйлын харамсалтай, өр өвтгөм.

-ЦЭНХЭР ТӨМРӨН ХАШААГ ГАРААРАА ТУЛАН ХАРАЙГААД Л ХҮҮ ПИДХИЙН УНАЖЭЭ-

Хамгийн сүүлд бас нэгэн зүрх зүсэгдэм явдал болж, нэгэн гэр бүлд нөхөж баршгүй хүнд гарз тохиолдоод байна. Тодруулбал, 14 настай хүү тоглоомын талбайн төмрөн хашаанд хүрснээр, тогонд цохиулж, газар дээрээ амиа алдсан аймшигт явдал болсон байна.

Хохирогчийн хүрсэн гэх хашаа

Уг хэрэг энэ оны наймдугаар сарын 9-ны өдөр 21:15 цагийн орчимд Дархан-уул аймгийн Дархан сумын наймдугаар багийн нутаг дэвсгэрт орших “Дархан дэвшил” хотхоны хүүхдийн тоглоомын талбай дээр болжээ.

Болсон үйл явдлыг өгүүлбэл, хохирогч болох 14 настай хүү өөрийн төрсөн дүү болон найз нартайгаа сагсан бөмбөгийн талбайд цагийг тун хөгжилтэй өнгөрөөж байв. Гэвч удалгүй нөмрөн ирэх аюулыг хүүхдүүдийн гэнэн цагаан инээд хөөр яахан мэдэх билээ. Хүүхдүүд ч тоглосоор цаг ч орой болж, дүүгээ дагуулан гэртээ орохоор зураг дээр харагдаж буй цэнхэр төмрөн хашааг гараараа тулан харайгаад л хүү навсхийн унажээ. Ахыгаа гэнэт ухаангүй болон газарт пэдхийн унахад хамт явсан дүү нь айж цочирдон хар гүйхээрээ ээж рүүгээ яарсан байна. Хоёр хүүгийн ээж тус тоглоомын талбайгаас холгүй нэгэн дэлгүүрт ажилладаг аж. Ингээд ээж дүү нар нь эмнэлгийн тусламж аван, яаралтай буцаж ирэхэд бүх зүйл оройтож, хүү хэдийн  амьсгал хураачихсан байв. Ингэж л нэг бяцхан зүрх хайртай хүмүүсээсээ хагцажээ. Одоогоор уг хэргийг Дархан-Уул аймгийн цагдаагийн алба хаагчид нарийвчлан шалгаж байгаа аж.

Хэрэг болсон газарт одоо ч хүүхдүүд тоглож байна 2020.08.18

-ТОГЛООМЫН ТАЛБАЙН ЦЭНХЭР ТӨМРӨН ХАШААТАЙ ӨНДӨР ХҮЧДЭЛИЙН ТРАНСФОРМАТОРЫН ХАШАА ХОЛБОГДСОН БАЙЖЭЭ-

Харамсалтайгаар амиа алдсан хүү айлын том бөгөөд өнгөрсөн жил есдүгээр ангиа төгсөөд байжээ. Дунд ангиа дүүргээд МСҮТ-д элсэн орж, цахилгаанчин мэргэжлийг эзэмшинэ хэмээн ярьдаг байсан хүүгийн цагаахан мөрөөдөл түүний амь настай ингэж холбогдоно чинээ огт санаагүйг ар гэрийнхэн гашуудан ярилаа.

Хэрэг болсон газар

Тус хотхоны барилгуудын бүх цахилгаан эх үүсвэр болох өндөр хүчдэлтэй трансформаторын төмрөн хашаа нь тоглоомын талбайн цэнхэр төмрөн хашаатай шууд холбогдсон бөгөөд трансформатораас гарсан цахилгааны утсууд мөн тоглоомын талбайд байрлах гэрлийн шонтой холбогдож байжээ. Ийнхүү цахилгааны гүйдэл бүрэн шилжих нөхцөл байдал бүрдсэнээр хүүгийн хүрсэн төмөр хашаа бүрэн цахилгаанжсан байжээ. Бороо орох бүрт цахилгааны систем масслаж, тоглоомын талбайн сандал, хашаа, тоглоом зэргээс нь тог цохидог байсныг тус хотхоны хүүхдүүд хэлж байсан гэх.

-БОРОО ОРОХ БҮРТ ТОГЛООМЫН ТАЛБАЙН САНДАЛ, БАРИУЛ ЗЭРГЭЭС ТОГ ЦОХИДОГ БАЙСНЫГ ХОТХОНЫ ХҮҮХДҮҮД ХЭЛЖЭЭ-

Гэвч энэ асуудлыг хариуцаж, урьдчилан хамгаалах үүрэг бүхий эзэн холбогдогч одоогоор олдохгүй байгаа бөгөөд тус хотхоны СӨХ, хот тохижилт, үйлчилгээний байгууллага, Дарханы цахилгаан түгээх сүлжээ газрынхны хэн нь үүссэн нөхцөл байдалд хариуцлага хүлээх нь тодорхойгүй байна. Цаашид хэдэн бяцхан амь томчуудын хариуцлагагүй, хэнэггүй үйлдлээс болж хорвоог орхих нь тун эргэлзээтэй. Хамгийн аймшигтай нь тус тоглоомын талбайд одоо ч хүүхэд багачууд шуугилдан тоглосоор байна...

Хэрэг болсон газарт 2020.08.18