Х.Нямбаатар: Гадаадад гэмт хэрэг үйлдсэн иргэдийн зорчих эрхийг хязгаарлах хууль батална

Х.Нямбаатар: Гадаадад гэмт хэрэг үйлдсэн иргэдийн зорчих эрхийг хязгаарлах хууль батална

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр “Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн эрх зүйн орчин бүрдүүлж, “E Mongolia” хөтөлбөрийн хүрээнд хууль эрх зүйн салбар дахь цахим шилжилтийг эхлүүлэх талаар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр боловсруулагдаж, УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхээр өргөн барьсан билээ. Энэ хүрээнд ХЗДХЯ-наас хууль эрхзүйн шинэтгэлийн чиглэлээр 11 зорилт тусгаж, эдгээр зорилтыг хэрэгжүүлэхээр 34 хуулийн төсөл, нэг хөтөлбөр боловсруулж, батлуулахаар тусгаад байна.

Тухайлбал, Оюуны өмчийн багц хууль, Арилжааны тухай, Хэрэглэгчийн гэрээний тухай, Барьцаалан зээлдүүлэх газар, иргэд хоорондын мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай, Хуулийн этгээдийн төлбөрийн чадваргүйдлийн тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай зэрэг арван  хуулийн төслийг шинээр болон шинэчлэн боловсруулах аж.

-МӨНГӨ ХҮҮЛЭЛТИЙН ЭСРЭГ ЗОХИЦУУЛАЛТЫГ ХИЙЖ, ӨДРИЙН ЗЭЭЛИЙГ ХОРИГЛОНО-

Монгол Улс мөнгө угаах, терроризмтой тэмцэх чиглэлээр олон улсын байгууллагуудаас удаа дараа даалгавар, анхааруулга авсан. Мөнгө угаах, терроризмын эсрэг хийх тэмцлийг барьцаалан зээлдүүлэх төв, банк бус санхүүгийн байгууллагуудын мөнгөний эх үүсвэрийг тодорхойлох, бүртгэлжүүлэхээс эхлэх ёстой.  Тиймээс мөнгө хүүлэлтийн эсрэг зохицуулалтыг хийнэ. Ингэхдээ өдрийн зээлийг хориглож, бүх ломбардыг бүртгэлжүүлснээр  үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчин бүрдэнэ. Мөнгөний эх үүсвэрийг нь тодорхой болгоно. Олон улсын жишгээр бүх мөнгө, санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг газар нь заавал бүртгэлтэй байхыг шаарддаг.

-САН ҮҮСГЭЖ АРХИДАН СОГТУУРАХ ЭМГЭГТЭЙ ХҮМҮҮСИЙГ АЛБАДАН ЭМЧИЛГЭЭНД ЯВУУЛНА-

Эрүүгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох хүрээнд  зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлнэ. Энэ нь хүнийг хүмүүжүүлэхэд өндөр ач холбогдолтой юм. Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүнийг ажил хөдөлмөр эрхлэх замаар засарч, хүмүүжих боломжтой гэж үзэж байгаа. Энэ ялыг хэрэгжүүлэхээр өмнөх сайдын үед аймаг, орон нутагт хяналтын самбар авахаар төлөвлөж байсан. Үүнийг өөрчлөх санал гаргасан. Удахгүй Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар бэлтгэл ажлыг нь хангаж байна. Үүнээс гадна нийтэд тустай ажил хийлгэх ял мөн хэрэгждэггүй. Гэмт хэргийн хохирол барагддаггүй учраас  хувийн байдлыг нь харгалзан үзэж, гэмт хэргийн улмаас  учруулсан хохирлоо төлөх зэргээр шинэчилж оруулж ирэхээр төлөвлөж байна.

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, шинэлэг заалтыг оруулж ирэхээр ажиллаж байна. Сан үүсгэж архидан согтуурах эмгэгтэй хүмүүсийг албадан эмчлэх, чиглэл руу эрх зүйн зохицуулалт хийхээр төлөвлөж байна. Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах эрхийн тухай хуулийг өргөн барина. Цагаачлахаар хүссэн иргэдийн мэдээллийг нэгтгэж гадаадад гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн  зорчих эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлана.