СУРВАЛЖИЛГА: Өөрсдийгөө Бадам, Далай гэж нэрлэсэн Хятад иргэд 61-ийн гарамд хүлэмж байгуулан, эзэн суужээ

СУРВАЛЖИЛГА: Өөрсдийгөө Бадам, Далай гэж нэрлэсэн Хятад иргэд 61-ийн гарамд хүлэмж байгуулан, эзэн суужээ

Сүүлийн үед цахим орчинд “С.Амарсайхан 50 га газраа Хятадуудад олгожээ, ОХУ-аас хөөгдөж ирсэн Хятад улсын иргэд 61-ийн гарам орчимд хортой хүнсний ногоо тариалж эхлээд байна” гэх мэдээлэл цацагдсан. Тодруулбал, “ОХУ-ын Эрхүү муж болон Сибирьт ногоог түргэн ургуулж хөрсийг 100 жил юу ч ургахааргүйгээр химийн хороор бордож хордуулсан Хятад ногоочид Монголд ирээд байна. Тэд 61-ын гарамын ойр суурьшсан. 50 га газар дээр жаргаж усанд орсон бохир усаараа ногоогоо усалж байна” хэмээх тайлбартай бичлэгүүд дуулиан дагуулаад буй юм.

-ХЯТАД ИРГЭД ТАРИАЛСАН НАРИЙН НОГООГОО ГУРАВ ХОНОГТ НЭГ УДАА ХОТ РУУ АЧДАГ-

Эл мэдээллийн мөрөөр бид 61-ийн гарамд Хятад иргэдийн хүлэмж дээр очиж энэхүү сурвалжилгаа бэлтгэлээ.  61-ийн гарам өнгөрөөд баруун урагш хэдхэн км зайд Хятад иргэд хэд хэдэн хүлэмж байгуулж, хүнсний ногоогоо аль хэдийн тариалаад эхэлчихсэн аж. Бид замд тааралдах нутгийн иргэдээс ОХУ-аас хөөгдөж ирсэн Хятад иргэдийн хүлэмж аль нь болохыг асуухад “Ер нь энэ хавиар тэр чигээрээ Хятад иргэдийн хүлэмжээр дүүрсэн” хэмээн ярьцгааж байсан юм.

Мөн энэ талаар нутгийн нэгэн иргэн: “Энд Өвөрмонголын иргэн Бадам гэгчийн хүлэмж бий. Мөн ОХУ-аас хөөгдөж ирсэн Хятадуудынх ч бий. Хоёр тусдаа хүлэмжтэй. Тэр хөөгдөж ирсэн Хятадуудын сураг аль ноднин жилээс дуулдаж эхэлсэн. Энэ жил хүлэмжээ бариад ногоогоо тариад эхэлчихлээ. Хааяа Төв аймгийн Баянцогт сумын цагдаа нар ирж хөөж харагддаг юм. Тэгсэн ч яваагүй хэвээрээ л байж байдаг. Ойртож очиж үзээгүй болохоор хичнээн тооны хүн байгааг нь мэдэхгүй байна. Машинууд нь тэр хаалгаар орж гардаг. Энэхүү ногоо тариалж байгаа газар нь Төв аймгийн Баянцогт сумын нутаг дэвсгэрт хамаардаг юм. Энэ бол Баян-Өндөрийн ар гэдэг газар” хэмээн бидэнд тайлбарлаж байлаа. 

Ингээд бид ОХУ-аас хөөгдөж ирсэн гэх Хятадуудын хүлэмжид очиход Хүлэмжийн зүүн талд байрлах жижиг эсгий гэрийн гадна хэд хэдэн Монгол иргэд сууж байсан юм. Тэнд Хятад, Монгол иргэд холилдон ажилладаг бөгөөд Монголчууд нь тэдний туслан гүйцэтгэгчийн ажил хийдэг аж. Бидний очсон 12 хүлэмжийн Хятад эзэн Далай гэх Монгол нэртэй бөгөөд тэрээр “Мэдэхгүй гэдэг үг мянган үгний таглаа гэдэгчлэн” юу асуусан ч “мэдэхгүй” хэмээж, мөрөө хавчсаар байсан юм. Тэд огурци, памидор тариалдаг аж. Улмаар тариалсан ногоогоо гурав хоногтоо нэг удаа хот руу оруулдаг хэмээн монголчууд нь хэлж байлаа.

Харин тэнд ажилладаг Монгол иргэдийн нэг нь хэлэхдээ, “Эднийг Оросоос хөөгдөж ирсэн Хятадууд гэдэг яриа яваад байна лээ. Үнэн эсэхийг нь мэдэхгүй байна. Энд одоогоор орчуулагч алга. Энд 12 хүлэмж бий. Хятад, Монгол ажилчидтай. Хятадын таван иргэнээс гадна арван Монгол хүн ажилладаг. Хоёр нь эмэгтэй, гурав нь эрэгтэй хүмүүс. Энэ хүлэмжийн дарга нь Далай гэх Хятад иргэн. Би энэ жилээс л энд ажиллаж эхэлсэн. Зарим Хятад нь ноднин, уржнангаас хойш л энд байсан гэдэг юм билээ. Ногоогоо яг хаана зардгийг нь мэдэхгүй байна. Ямартай ч гурав, дөрөв хоногт нэг удаа хот руу авч явдаг. Саяхан цагдаа нар ирсэн. Гэхдээ хөөж туугаагүй. Босоо хөх Монголыхон ч ирээд явсан. Бичиг баримтыг нь л шалгасан. Мөн Хөрс шорооноос дээж авсан, хүрэн өнгөтэй хадгалсан уснаас нь дээж авсан” хэмээн ярьж байлаа.

Ийнхүү олны хэлж заншсан 61-ийн гарам буюу Төв аймгийн Баянцогт сумын нутаг дэвсгэр буюу Баян-Өндөрийн ар гэх газар Хятад иргэдийн хүлэмжээр дүүрч, хэдийн эзэн суусан дүр зураг харагдаж байв. Харин Монгол иргэд нь таваас ихгүй тооны хүлэмжтэй байх аж.

-ЭРХҮҮ, СИБИРЬТ ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙ ЭРХЭЛЖ БАЙСАН ХЯТАДУУД ХӨӨГДӨЖ, МОНГОЛД ИРСЭН-

Өнгөрөгч намраас л Хятадын “Тяньжин фүүдс” гэх компанид 50 га газар олгох, олгохгүйн тухай маргаан дэгдэж эхэлсэн байдаг. Энэ асуудал намжиж амжаагүй байхад “ОХУ-ын Эрхүү, Сибир гэсэн эдгээр хотуудад хүлэмжийн аж ахуй эрхэлж байсан хятадууд гарч явахад хөрс нь химийн хортой бодист хордчихсон. Эргээд ногоо тариалахад хүндрэлтэй болсон гэх мэдээллүүд Оросын телевизээр гарсан” гэх мэдээлэл араас нь дуулиан дагуулав.

Энэ талаар “Асрал” ХХК-ийн захирал Х.Алтанцацрал өнгөрөгч дөрөвдүгээр сард нэгэн хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ “50 газраа 61 гарамын тэнд сонгоод, Хятад компани нь хүлэмж барих бэлтгэл ажлаа эхлүүлсэн бөгөөд монголчуудыг ногоогоор хангаад улмаар Хятад улс руу гаргах төлөвлөгөөгөө баталсан байгаа. Хойд хөршид хятадууд хэдэн жилийн өмнөөс хүлэмжийн аж ахуй эрхэлж эхэлсэн. Эцэст нь хөрсийг нь амьгүй болгож, генийн өөрчлөлттэй химийн бодисоор бордсон ногоо тариалж байгаад баригдаад тэндээс хөөгдөөд гарсан. Тэр хятадуудын зарим нь одоо энэ 61 гарамын цаана төв замын урд уулын судаг жалгаар ногоо тариад байж байна” хэмээж байсан билээ.

Хятадын компанид 50 га газар олгогдвол Монгол Улсын нийт хүлэмжийн хэмжээний 90 хувьтай тэнцэж, дотоодын аж ахуй нэгжүүд хоёрхон жилийн дотор дампуурна гэдгийг олон хүн хэлж, эсэргүүцэж байгаа юм. Түүнчлэн хятадын компани дуртай үедээ хомсдол үүсгэж, үнээ дураараа нэмнэ. Цаашлаад энэ компани Монголын зах зээлээс гарахад Монгол Улсад хүлэмжийн аж ахуй үгүй болчихсон байх юм.

Гэтэл одоо энэ бүхэн бодитоор хэрэгжээд эхэлчихсэн ч хариуцах эзэн төр засаг таг дуугүй сууна. Цагдаа нар үе үе ирээд явдаг ч хөөдөггүй, Босоо хөх Монголыхон очсон ч бичиг баримтыг нь шалгахаас өөр үйлдэл хийгээгүй буцсан дүр зурагтай байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ТҮШИГ